Сүүлийн гурван жилд 14151 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Дэлхий даяар "Авто машингүй өдөр" тэмдэглэдэг болсонтой холбогдуулан энэ жил манай улсад "Хүүхдийн аюулгүй байдлыг хангая" уриатай тэмдэглэх гэж байна. Мөн энэ жилийн авто машингүй өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМСЯ, НЭМХ, ГССҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЗЦГ, МУЗН, МЗХ, НЗДТГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна. Энэ талаар   дээрх байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд, дэлхий даяар болон Монгол Улсад гарч буй авто осолд хүүхэд хэрхэн өртөж буйг баримтаар ярив. ДЭМБ-ын мэдээллээр зам тээврийн осолд орж жилд 186300 хүүхэд, өдөр бүр 500 гаруй хүүхэд нас барж байна. Монгол Улсын хувьд, осол гэмтлийн 29,4 хувь нь хүүхдийн осол байдаг. Хүүхдийн осол гэмтэл 2012 онд 10,000 хүн тутмаас 388,3 байсан бол, 2013 онд 468,4 болж өсчээ. Сүүлийн таван жилд хүүхдийн ослыг судлахад, уналтаас 43,2 хувиар тэргүүлж, удаад нь зам тээврийн осолд орсон гэмтэл 13,7 хувь байна. Дараах байрт нь түлэгдэлт оржээ. 2010-2014 онд зам тээврийн осолд 14151 хүүхэд өртсөнийг ч мэдээлэв. Эдгээр гэмтлийн улмаас 29,3 хувь нь буюу 4117 тохиолдолд 0-6 насныхан, 51 хувь нь буюу 7216 тохиолдолд 7-14 насныхан, 19,7 хувь буюу 2788 тохиолдолд 15-17 насныхан өртсөн байна. Тиймээс авто машингүй өдрөөр дээрх байгууллагууд хүч хамтран зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэх ажлыг өргөн хүрээтэй хийнэ гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top