Төрийн байгууллагууд иргэдэд учруулсан хохирлоо нуун дарагдуулсаар байх уу

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Хэрэгтнийг барьж хорих, шийтгэх болохоор Монгол Улсын нэрийн өмнөөс гэж их л албархана. Тэгвэл Монгол Улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаад өөрсдийн хайхрамжгүй байдлын улмаас бусдад хохирол учруулчихаад яагаад Монгол Улсын нэрийн өмнөөс уучлалт гуйж, хохирлоо барагдуулдаггүй юм. Үүний нэгэн жишээ өчигдөр 13:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт гарчээ.

Тэнд шүүгдэгчдийг авч явсан Тахарын албаны хуягласан автомашин онхолджээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас малын хулгайн хэргээр шалгагдаж байгаа долоон шүүгдэгчдийн нэгийг авч явсан Тахарын албаны автомашин Хэнтий аймгийн төвөөс 50 км-ийн зайд осолджээ.

Харин түүнийг авч явсан шүүгч, прокурорын ажилтнууд өөр машинд сууж явсан бөгөөд онхолдсон машиныг “тоормозгүй машин” гэж Тахарын албаныхан ярилцаж байсан талаар нэгэн шүүгдэгчийн ээж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Юу гэсэн үг вэ хэрэгтэн, шүүгдэгч хүн болохоор үхлийн унаанд сууж явах ёстой юу. Шүүгч, прокурорын ажилтнууд өөр машинд суусан нь цаанаа учиртай. Магадгүй Тахарын албаныхан энэ машин аюултай та нар өөр машинд суу гэж хэлсэн байж болох талтай. Түүнчлэн осол болсон газарт Түргэн тусламжийн машин цаг алдаж иржээ.

Сураг сонсохнээ аймгийн төвөөс 50-хан км-ийн зайд байгаа осолдсон машиныг олж чадахгүй баахан хугацаа алдсан юм байх. Бүхэл бүтэн Тахарын алба хэмээх Монгол Улсын хуулийн том байгууллага түргэн тусламжийхантай холбоо тогтоочих хэрэгсэл алга уу. Ийм хэмжээний хоёр том байгууллагад хөдөө хээрийн хаанаас ч холбоо барих хиймэл дагуултай холбогддог холбооны хэрэгсэл байдаггүй юм аа гэхэд энд байна гээд хэлчих утас баймаарсан. Түүнчлэн эмч нарыг ирэх хүртэл осолдсон автомашинд сууж явсан шүүгдэгч цусандаа хутгалдан хэвтэж байжээ. Гавтайгаа шүү дээ. Хулгайн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн ш дээ.

Тэгвэл мань хэрэгтнийг харгалзаж тоормозгүй машинд сууж явсан “Тахарын албаныхан гэмтэл аваагүй юм байлгүй, эмнэлэгт үзүүлэхгүй явсан” хэмээн нэгэн эх сурвалж хэлсэн юм. Юутай ч, энэ талаар  Хэнтий аймаг дахь сум дундын шүүхээс тодруулахад “Осол гарсан нь үнэн” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.20.79) 2015 оны 07 сарын 01

Тахарын албыг татан буулгана гээд ХЗЯ огтхон ч тоолгүй өдийг хүрсэн. Хүн хүч, техник хэрэгслээр дутмаг, үнэхээр хийе гэсэн итгэл зүтгэлтэй хүмүүсийн авч яваа газар юм шүү дээ. Төр иргэнийхээ амь насанд ямар байдлаар хандаж байгаагийн наад захын жишээ. Түүнээс Тахарын албаныхан буруугүй, тэд ажлаа л хийж явсан. Онхолдсон машинд сууж явсан Тахарын албаны ажилтнууд ч гэсэн ялгаагүй л ажил үүргээ гүйцэтгэж яваа хүн шүү дээ.

0  |  0
Top