МХЕГ-ын 400 орчим байцаагч ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 10

Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод 200, аймаг, орон нутагт 170, нийт 400 орчим улсын байцаагч ажиллана.

Энэ жил нийслэлд нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 850 орчим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулахын зэрэгцээ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт явуулын лаборатори ажиллана. Наадамчин олон хүнсний бараа, бүтээгдэхүүн сонгохдоо хадгалалтын горим, хадгалах хугацаа зэргийг нь нягталж байхыг зөвлөж байна.

Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт тавьж, зөвлөмж, зөвлөгөө өгөн, гарсан зөрчлийг тухай бүр нь таслан зогсоож байсны дүнд  олныг хамарсан хоолны хордлого, халдвар гараагүй юм. Энэ баяр наадмаар нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид шингэрүүлсэн шатдаг хий ашиглах учир аюулгүй байдалд онцгойлон анхаарч байна.

Бүх шатны Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоо, аймаг, орон нутаг дахь салбар хороод, Наадмын комисс, хүүхдийн болон хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан байгууллага, ажилтнууд морь унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарахын зөвлөлөө. Наадмын дараа олон сумын ой, бүсийн хурдан морины уралдаан болно. Иймээс унаач хүүхдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх үүднээс стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгай, цээживч, тохойвч, өвдгөвчийг заавал өмсүүлэх, хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж, даатгал хийлгэсэн байхыг анхааруулж байна.

Баяр наадмын үеэр Ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хариуцлагатай жижүүр ажиллан иргэдийн санал хүсэлт, гомдлыг 1800-1286 дугаарын утсаар хүлээн авч шийдвэрлэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top