Онцгой байдлын ерөнхий газар хэмээх хэн ч сонсоход эр зориг, бахархам сэтгэл ханхалж байх сүрдэм нэртэй уг байгууллага үнэндээ онцгой байж чаддаггүй олон жишээ бий. Хэдэн жилийн өмнөх ой хээрийн түймрийг зорьсон “Ми-8” нисдэг тэрэгний осол, Сэлэнгэд голын мөсөн дээр үлдэн эцсийн мөчөө хүртэл онцгойгийнхныг ирж аварна хэмээн найдсан ээж, хүү хоёр гэх мэт олон жишээ дурдана.
Тухайн үед амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газар, Засгийн газрыг буруутгаад өнгөрсөн. Үүнтэй адилаар саяхан Алтай Таван Богд ууланд авирч яваад осолдож амиа алдсан таван уулчны ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газар болон Засгийн газрыг буруутгаж байна. “Ми-8”-ын ослын үеэр амиа алдсан Онцгой байдлын албан хаагчдын ядаж нэгд нь ч сансрын утас байгаагүй, Сэлэнгэд мөс цөмөрч найман хүний амь үхлийн ирмэгт тулаад байхад очсон Онцгой байдлын аврагчид ганц хийлдэг завьтай, гэрэлтүүлэг ч байхгүй, утсандаа нэгжгүй, гутал хувцас муутай чичирч зогссонсон. Үүнээс төд удалгүй нийслэлд ээж, охин хоёр галд амиа алдахад гал сөнөөгчид ирчихээд “Бид гал унтраах л гэж ирсэн” гэж хэлээд зогсож байсныг тухайн үед ойролцоо байсан хүмүүс нь ярьсан удаатай.
Харин хамгийн сүүлийн жишээ Монгол Улсын хамгийн хүйтэн газруудын нэг Алтай Таван Богд ууланд авирч яваад осолдож амиа алдсан таван уулчны ар гэрийнхэн 7 сарын 10-нд сураггүй таван уулчинг 7 сарын 14-нд бүтэн 4 өдрийн дараа ажил болгож нисдэг тэрэг илгээсэн хэмээн маш их гомдолтой байгаа хэллээ. Яг наадмын өдрүүдээр таарсан энэ явдалд онцгойгийнхон хойрго хандав уу аль эсвэл тэдний ажлын хурд, ур чадвар ийм байв уу.
Шалгах л ёстой асуудал. Сэлэнгэ аймагт мөс цөмөрч найман хүн үхлийн ирмэгт тулж, зургаа нь аврагчдаар бус өөрсдийнхөө амийг аварч, хорвоод мэндлээд удаагүй нялх үрээ тэврэн мөсөн дээр үлдэн алс холын Байгаль нуурыг зорьсон эмэгтэйн хэргийн дараа Онцгой байдлын дарга нар өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр Онцгой байдлын салбар, хэлтэстээ гэнэтийн шалгалт хэдэн хүнд хариуцлага тооцсон болоод өнгөрсөн. Нөгөө талаас тэд өөрсдийгөө дэлхийн хэмжээнд хүрсэн тоног, төхөөрөмж, хангамжгүй гэдэг.
Юутай ч, Төрийн томчуудыг ууланд төөрөхөд цаг алддаггүй, үнэг буудахад ашигладаг нисдэг тэрэг Алтай Таван Богдод амь эрсэдсэн иргэдэд эрт хэрэгтэй байсан юм. Нөгөө талаас Сэлэнгэ аймагт голын жавар, хүйтэн мөсөн дээр суун хойд зүгийг зорьсон нялх хүү, эх хоёрт олдоогүй нисдэг тэрэг Баян-Өлгий аймагт нэг цагдаагийн аминд хүрсэн өсвөр насны гурван хүүд олдож, тэднийг нисдэг тэргээр сүр дуулиантайгаар Улаанбаарт авчирч байв.
Ер нь тэгээд онцгой байж чаддаггүй Онцгой байдлын ерөнхий газрын үүрэг нь чухам юу вэ. Мөн тэднийг онцгой байлгаж чаддаггүй төр засаг хойшид ч ийм хэвээр байх уу. Манай томчууд Онцгой байдлын ерөнхий газар гэчихээд англиар Emergency Department гэж гаднынханд таниулна. Үнэндээ Emergency гэдэг чинь онцгой гэхээсээ илүүтэй шуурхай гэсэн утгатай. Тэгэхээр Шуурхай байдлын ерөнхий газар болж ард иргэд болон аюулд осолд шуурхай хандаж, ажилладаг болбол ямар вэ.

Сэтгэгдэл ( 4 )
Юун татан буулгах вэ? Энэ чинь уул нь маш хэрэгтэй газар. Харин мэргэжлийн хунээр удирдуулж чадварлаг болгох нь зов байхаа.
та бүгд өөрсдөө тэр цаг мөч бүхэн дээр нь очиж үзэж байж нөхцөл байдлыг ойлгох байхдаа энэ алба чинь түмний төлөө гэсэн тангарагтай алба шүү..................
Yamar ch hariutslagagui gazar yahaaraa baisaar bga yum bol yamar nev arga hemjee avch uurchluh tsag bolson.hediigeer ayuld ooriiguu oruulsan n ergediin buruu ch ter ued n l avrah gej obtsgoi baidliin gazar bdg busuuuuuu
энэ албыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байна. алба хаагчдын мэргэжлийн ур чадвар муу иргэдийн амь насыг аврах урьдчилан сэргийлэх ажлыг дэлхийн түвшинд хүргэж ажиллаж чадахгүй олон тооны дүрэм журам гардаг тэр нь хэрэгждэггүй хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж чаддаггүй, удирдлага солигдох болгон өөрсдийн ах дүүгээ энэ албанд шургуулж мэргэжлийн хүмүүс нь гадуурхагдаж дууслаа татан буулга