Outbreaknewstoday.com сайтад “Ази дахь улаан бурхан: Монголд эрс нэмэгдэж, Филиппин, Вьетнам огцом буурлаа” хэмээх гарчигтай мэдээлэл өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд тавигджээ. Роберт Херриман хэмээх хүний тавьсан энэхүү мэдээлэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн баруун бүс нутагт энэ оны эхний зургаан сарын байдлаар улаан бурхан /корь/-ы тохиолдол өнгөрөгч оны мөн үеийнхээс бүхэлдээ огцом буурчээ гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Ази-Номхон далайн бүс нутгийн баруун хэсэгт улаан бурхны тохиолдол бүхэлдээ буурсан байхад Монгол зэрэг зүүн бүс нутагт тийм ч их буураагүй байна. Гэхдээ зүүн бүс нутагт буурч бүр огцом буурсан орнууд байхад Монгол Улс эсрэгээрээ нэмэгдэж Азидаа толгой цохижээ.
Жишээлбэл, Ази-Номхон далайн зүүн бүс нутгийн Филиппин, Вьетнамд огцом буурчээ. Харин Монгол Улсад 2014 оны эхний зургаан сарын байдлаар 86 бүртгэгдэж байсан улаан бурхны тохиолдол энэ оны эхний зургааны сарын байдлаар 17580 болж өсч, энэ өсөлтөөрөө анти ажилт тогтоов. НҮБ-ын эрүүл мэндийн агентлаг болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын улаан бурхны дэгдэлтийн талаарх хамгийн сүүлийн тооцоололд ингэж гарчээ. Тэгвэл өнгөрөгч оны эхний зургаан сард Азид нийтдээ улаан бурхны 141 мянган тохиолдол бүртгэгджээ. Харин энэ оны мөн үед 104 мянга болж буурч, үүний 17580-ыг Монгол Улс бүрдүүлснээрээ бараг 20 хувийг нь эзэлж байна. Харин манай хөрш Хятадад өнгөрөгч онд улаан бурхны 83205 тохиолдол бүртгэгдэж энэ онд үл ялиг буурч 76499 бүртгэгдсэн байна.
Тэрбум хол давсан хүний хувьд энэ тоо Монголын 17580-аас их бөгөөд ийнхүү Монгол Улс Азидаа тэргүүлэв. Тавдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсад улаан бурхны дэгдэлт ойролцоогоор 3000 орчим бүртгэгдсэн байсан гэв. Тэгэхээр эхний зургаан сар гэхээр тавдугаар сарын 31-нээс хойш зургадугаар сарын 30 хүртэлх ганцхан сарын дотор 14 мянга гаруйгаар нэмэгдсэн аж. Мөн Монгол Улсад улаан бурхан дэгдсэнээс хойш таван жил өнгөрч байна гэж бичжээ. Ямартай ч, нэг бүс нутагт харьяалагдаж буй Филиппинд өнгөрөгч оны эхний зургаан сард бүртгэгдсэн улаан бурхны 40 мянга гаруй тохиолдол энэ оны мөн үед 2231 болтлоо буурсан бол Вьетнамд 11 мянга орчим байсан улаан бурхан ердөө 888 болтлоо буурчээ.
Сонирхуулахад, НҮБ-ын эрүүл мэндийн агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн тайлангаас мэдээ бэлтгэсэн Роберт Херриман нь микробиологич мэргэжилтэй бөгөөд “Outbreaknewstoday.com” буюу “Дэгдэлтийн мэдээлэл өнөөдөр” хэмээх утгатай энэхүү дэлхий нийтийн халдварт өвчин, тэдгээрийн тархалтын талаар бичдэг сайтын ерөнхий редактор юм байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 0 )