АСЕМ-ын ойд зориулсан гэрэл зургийн уралдааны хугацааг сунгав

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

Ирэх 2016 онд тохиох АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж мэргэжлийн  болон сонирхогчдын  фото зурагчдын дунд зарласан “Урагшлах замд” (On the go) уралдааны бүтээл хүлээн авах хугацаа 2016 оны есдүгээр сарын 13-ныг хүртэл сунгажээ.

Ази-Европын сангаас зохиож буй уг уралдаанд ирүүлэх гэрэл зургууд нь хоёр тивийн амьдрал, хөгжлийн хэв маягийг харуулсан “Урагшлах замд” сэдвийн хүрээнд байх аж. 

Түүнчлэн АСЕМ-ийн гишүүн бүх орны мэргэжлийн фото зурагчин, сонирхогчдод нээлттэй гэнэ. Бүтээлийг онлайнаар хүлээн авах бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Лазаллийн урлагийн коллежийн Путнам кино урлагийн сургуулийн тэргүүн Гисли Снэр, Сингапурын олон улсын гэрэл зургийн наадмын захирал Гвен Ли, мөн авьяаслаг гэрэл зурагчин Стефен Чоу зэрэг мэргэжлийн туршлагатай хүмүүс ажиллах юм байна. Оролцогчдоос хоёр гэрэл зурагчинг шалгаруулж Сингапурын Лазаллийн урлагийн коллежид мэргэжил дээшлүүлэх эрх олгох аж. 

Мөн уралдаанд ирсэн шилдэг 20 гэрэл зургийг сонгож, ирэх арваннэгдүгээр сард Люксембургт болох АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалтын үеэр үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. 

Уг үзэсгэлэнг Бельги, Сингапур Улсад болон 2016 онд Улаанбаатар хотод болох АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд төвшний уулзалтын үеэр олны нийтийн хүртээл болгох аж. Дашрамд дуулгахад, гэрэл зургийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.asef.org/onthego сайтаас авах боломжтой юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top