Төрөөс нийт 18036 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр “Хэлмэгдэгсдийг цагаатгах ажил дуусах шатандаа орж байна. Гэхдээ цөөнгүй хүн цагаатгагдалгүй үлдэх магадлалтай байна. Учир нь нотлох баримт сэлт нь устгагдсан байж болзошгүй, сураг төдий нэлээд хүний хэрхэн яаж хэлмэгдсэн нь тодорхойгүй байна” гэв.

Энэ онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа юм. Түүнчлэн цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш өнөөг хүртэл 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож цагаатгагдан нэр төр нь сэргээгджээ. Мөн тэдний үр хүүхэд, төрөл төрөгсөд болох нийт 18036 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байгаа аж.

Харин Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах өнөөгийн мөрдөгдөж буй хуулийн зарим заалтын үйлчлэх хугацааг сунгуулах  шаардлага үндэслэлийг гаргаж хугацааг сунгуулах тухай хуулийн төслийг 2014 оны эцэст боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Энэ хуулийн төслийг УИХ энэ намрын чуулганаар шийдэж өгөх байх гэсэн хүлээлттэй байгааг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог хэвлэлийн хурлын үеэр онцлон хэллээ.

Маргааш болох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэх хүрээнд Сонгинохайрхан уулын бэл дэх хэлмэгдэгсдийн суварга хөшөө, нийслэлийн төвд байрлах Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд төр, засгийн тэргүүн нар болон хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд, олон нийтийн төлөөлөгчид цэцэг өргөх ажээ. Мөн Монголын Үндэсний төв музейд “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top