Дэлхийн дулаарал бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгаа талаар Япон, Монголын эрдэмтэн судлаачдын хамтарсан хурал өнөөдөр БОНХАЖЯ дээр  боллоо. Хуралд БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун, Япон Улсын Чуогийн их сургуулийн багш, төслийн удирдагч Масатака Ватанабэ, Японы судалгааны хүрээлэнгийн доктор Мики Ютака зэрэг эрдэмтэн судлаачид оролцлоо. Уг хурлаар “Бэлчээрийн тогтолцооны шинэлэг дасан зохицох арга барил болон ногоон хөгжил” төслийн танилцуулга, мах хадгалах тогтолцоо, зудыг урьдчилан мэдээлэх шинэ арга зүй, ус болон хөдөө аж ахуйн салбаруудад тулгарч буй асуудлуудыг хэлэлцсэн юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаар 0,7 градусаар нэмэгдсэн бол манай оронд үүнээс гурав дахин их буюу 2,1 градасаар дулаарсан байна. Энэ нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчдад хүндээр тусч байгаа аж. Учир нь энэхүү дулааралтын улмаас зундаа ган гачиг болж, хэт хуурайшиж, өвөлдөө зуд турхан болох нь нэмэгдэж байгаа гэнэ.  

Энэ талаар МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун хэлэхдээ “Зуд болж малын тоо толгой олноор хорогдсоноор малчдын амьдрал доройтож, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлж, махны үнэ огцом өсдөг. Энэхүү асуудлыг бага ч гэсэн зохицуулахаар Япон Улсын дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергийг ашиглан ажиллах хөргүүрт чингэлгийг туршиж байгаа бөгөөд махны чанарт нөлөөлөхгүй удаан хугацаанд хадгалдагаараа онцлог юм” гэлээ. Мөн Японы эрдэмтэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг чанаржуулахын чухлыг онцлон тэмдэглэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жингэр(182.160.40.51) 2015 оны 09 сарын 10

Жинхэнэ мал аж ахуйг энэ хэдэн мал ингэж хуцаж байгаад нурааж хаяад санаа амрах нь л дээ бөөснүүд боль

0  |  0
Top