МОХ хотын даргыг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Монголын Оюутны Холбооноос өнөөдөр мэдээлэл хийж нийслэлийн Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн, алдаатай шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа учраас хотын дарга Э.Бат-Үүл болон зарим албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэж мэдэгдлээ.

Учир нь оюутнууд хууль журмын дагуу нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй ч нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор Нийслэлийн удирдлагууд энэхүү эрхийг уландаа гишгэж байна гэж тэд үзэж байгаа аж. Нийслэлийн захиргааны зүгээс нийтийн тээврийн шинэчлэл хийхдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг зөрчин оюутныг нийтийн тээврээр зорчуулахдаа мөнгөн хязгаар тавьсан, мөн оюутны нэр, сургууль, зураггүй цахим картыг дангаар нь хэрэглэн оюутныг зорчуулах болсон нь картыг зорчих ёсгүй оюутны нэр барьсан хүмүүс ашиглах, дамжуулан хэрэглэх, дамлан борлуулах эрсдлийг бий болгож байгаа гэнэ. 

Тиймээс уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн удирдлагуудад удаа дараалан хандсан боловч тодорхой хариу өгөөгүй бөгөөд Нийслэлийн засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа чиг үүргийн хувьд дээд боловсролын байгууллагатай огт харилцдаггүй Нийслэлийн боловсролын газраар “U-money” цахим картыг захиалгыг авах түгээх ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гаргаад байгааг МОХ-ны зүгээс эсэргүүцэж байгаа аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top