МҮЭХ-ныхон Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ салбар бүрийн иргэдийн төлөөллийг хамруулсан тайван жагсаалыг Чингисийн талбайд өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн жагсаалд эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр гээд салбар бүрийн төлөөлөл, орон нутгийн иргэд нийт 11 мянга /арван нэгэн мянга/ гаруй хүн оролцсон байна. 

Иргэдийн орлого огт нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, сургалтын төлбөр, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүх үйлчилгээний үнэ нэмэгдсэн гэдэг тооцоо судалгааг тэд гаргажээ. Тухайлбал, өдөр тутмын хүнсний хэрэглээ гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13-69 хувиар өссөн.

Орон сууцны үнэ л гэхэд жилийн жилд дор хаяж 50 хувиар өссөн тооцоог тэд гаргажээ. 2013 онтой харьцуулахад цахилгааны үнийг оруулахгүйгээр тооцоход нийслэлд нэг өрөө байрны сарын төлбөр 55.8 хувиар, хоёр өрөө байрны төлбөр 56.4 хувиар, гурван өрөө байрны зардал 86.1 хувиар тус тус нэмэгдсэн гэв. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутны 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өссөнийг дурьдсан юм.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт туссан хямралыг хохирол багатай даван туулах, бага орлоготой ажиллагчдын татварын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлсний худалдан авах чадварыг сэргээх асуудлуудаар Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг МҮЭХ-ныхон шаардаж байгаа юм байна. 

Тэд Засгийн газраас үйлдвэрлэл үйлчилгээний уналтыг бууруулах, өсөлтийг дэмжихийн тулд төрөөс тогтоодог эрчим хүч, дулааны суурь зардлуудыг зохистой түвшинд байлгах, гадаад зах зээлийн үнийн хямдралтай уялдуулан дотоодын бензин, түлш шатахууны үнийг бууруулах, ажлын байрыг шинээр буй болгохын тулд татвар, хөрөнгө оруулалт, зээл эргэлтийн хөрөнгөөр дэмжин эрэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. 

Энэхүү жагсаал цуглаанд оролцогчдоос УИХ-д хандсан мэдэгдэл, Засгийн газарт шаардлага гаргаж хүргүүлэв. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Moogii(112.72.13.114) 2015 оны 09 сарын 15

Jagsalgui yadag yum, ene zasgiin gazar dendej bnaa, ard irgedee huurch bna sh dee

0  |  0
Hun(103.254.121.2) 2015 оны 09 сарын 14

Zovoo demjij bna

0  |  0
Top