“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон таван жилийн ойн баяраа тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 15

   Нийслэл Улаанбаатар хотод маань томоохон бүтээн байгуулалт өрнөсөн нь өдгөө та бидний амралт, чөлөөт цагаа өнгөрөөхөд цэвэр агаар тохилог орчноор хүрээлэн угтан авдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Анх ажлын гараагаа хорин долоохон хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байсан уг хамт олон энэ өдрүүдэд таван жилийнхээ ойн баярыг тэмдэглэж байна. Хийсэн бүтээсэн ажил нь нүдэн дээр ил, бидний хүсэл сонирхолд нийцсэн уг бүтээн байгуулалтыг хийхэд тус хамт олны нөр их хөдөлмөр шингэсэн юм.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд 5 настай балчираас аваад 80 настай буурал хүртэл гар бие оролцож, мод тарьж, арчилж ургуулах амаргүй үйлсийг эхлүүлж байсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр мод цэцэгс бүрхсэн, ногоон талбар болжээ. Энэхүү хүрээлэнгийн ногоон байгууламж, мод бут нь Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж байгаа ажээ.

Таван жилийн ойгоо ажил үйлс, бүтээн байгуулалтын өндөр амжилтаар угтаж буй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон 5 жилийн ойн баяраа есдүгээр сарын 12, 13-ний өдрүүдэд зөв хооллолт, эрүүл хөдөлгөөн уриан дор цогц арга хэмжээ зохиож, тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Харин өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр тус байгууллагын баярын хурал болж хийсэн бүтээснээ дүгнэж хөдөлмөрч бүтээлч залуусаа шагнаж урамшуулсан сайхан өдөр болж өнгөрлөө.  

   “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Б.Саранчимэг :

-Танд нийслэлчүүдийн өмнөөс таван жилийн ойн баярын мэндийг хүргэе. Таван жилийн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтаасаа дурдаач?

     Саяхан бид нар хорин долоохон хүнтэй таван бээлийтэй, таван хүрзтэй ажлаа эхэлж байсан бол таван жилийг ардаа орхиж томоохон бүтээн байгуулалтыг хийж чадсан байна. Манай хамт олон сэтгэл зүрхээ нийлүүлээд энэ бүгдийг ажил болгож чадсаныг  хараад бахархаж байна. Хамт олондоо баярлалаа гэж хэлье. Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн гол ажил бол иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд чиглэгддэг. Тэр ч утгаараа ажлууд хийгдээд анхны гэсэн тодотголтой олон ажлыг хийлээ. Дэд бүтэцгүй, худаггүй байсан газар өнөөдөр ард иргэд маань ихээр ирдэг болсон нь бидний ажлын үр дүн юм. Цаашдаа энэ ололтоо бататгаж, алдаа дутагдал байвал дүгнэлт хийж улам ихийг хийж бүтээхийг зорьж ажиллана.

-Өнөөдөр танай байгууллагын баярын хурал болж байна. Ажилчдаа шагнаж урамшуулахыг харах таатай байна?

     Манай хамт олон  үнэхээр ажилсаг, сэтгэлтэй, 80 хувь нь залуучуудаас бүрдсэн баг байгаа. Манай хамт олныг дэмжиж шагнаж урамшуулсан хамтран ажилласан байгууллага, Ногоон Улаанбаатарыг гэсэн сэтгэлтэй иргэн, аж ахуй нэгждээ бүгдэд нь баярласан талархснаа илэрхийлмээр байна.

   БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа :

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаад таван жил болж байна. Энэ хугацаанд  маш том , үр дүнтэй бүтээн байгуулалтын ажил явагдаж нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцаач?

     Үндэсний цэцэрлэгт хүрээлэн манай нийгэмд  хамгийн цаг үеэ олсон Улаанбаатар хотын иргэдэд маш эерэг үр дүн авчирсан бүтээн байгуулалт, төсөл болсон. Нийтдээ 975 га нутаг дэвсгэрийг хамарч манай БЗД-т байрладаг. Өдөртөө давхардсан тоогоор арван мянга орчим иргэн цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлдэг. Энэ нь үнэхээр нийгмийн хэрэгцээ шаардлага байгаагийн илэрхийлэл юм. Энэ төсөл хөтөлбөр өнөөдөр эзэндээ хүрч чадсан байна. Ашиглалттай байж чадаж байна. Таван жилийн хугацаанд ийм амжилтанд хүрч байгаагийн нэг хүчин зүйл бол чадварлаг менежер, чадварлаг хамт олны хөдөлмөр юм. Олон төсөл хөтөлбөрүүд тав, арван жил яваад бүтэлгүйтэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ төсөл өөрөө амаргүй үед буюу сүүлийн хоёр жил эдийн засгийн хүнд байдалд  ажиллагаагаа явуулж чадсан . Одоо таван жил гэдэг бол өнгөрсөн хугацаа. Ирээдүй рүү өнгөрснөөс илүү хурдтайгаар, үр дүнтэй ажиллаж чадна гэдэгт БЗД-ийн тамгын газар болон нийт БЗД-ийн иргэд  итгэж найдаж байна.  

-Танай дүүргийн хувьд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”тэй цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ?

       Дүүргийн ажил гэдэг бол айлаар ахуйн ажил гэсэн үг. Гэрийн ажил нэр хүндгүй гэдэг шиг хогийг нь цэвэрлэнэ, аюулгүй байдлыг хангана. Үүнтэй адилаар цэцэрлэгт хүрээлэнгийн аюулгүй байдлын үүднээс замын цагдаа, хэв журмын цагдаагийн байгууллагынхан, тохижолтынхон, онцгойгийнхон, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагууд маань хамтарч тус тусынхаа үүргийг гүйцэтгээд ажилладаг. Том төслийг дагаад том хэрэглэгчид хүрээд ирдэг. Зөвхөн БЗД-ийн гэлтгүй Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төв дээр гэхэд л Монгол Улсын бүх худалдан авагчид цуглардаг. Түүнтэй адил “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Нийслэлийн бүх иргэд ирдэг. Ийм хэмжээний их ачааллыг манай дүүрэг хүлээж авдаг гэсэн үг юм. Тиймээс бид энэ хариуцлагатай үүргээ улам хариуцлагажуулж, эзэнжүүлж бүтээн байгуулалтаа яавал  зөвөөр авч явах вэ гэдэг тал дээр цаашид хамтарч ажиллана гэж бодож байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(103.11.192.34) 2015 оны 09 сарын 15

Saranchimeg avgaigiin PR herees heterlee Hudlaa avgai daa

0  |  0
setgel(202.21.115.82) 2015 оны 09 сарын 15

NAAD TSETSERLEGT HUREELEN CHINI UDAHGUI ZAH BOLOH UM SHIG BAINA LEE SHUU

0  |  0
Top