Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Зүүн Хойд Азийн бүс нутгийнхан Ногоон хөгжлийн бодлого, чиг хандлагын талаар Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр буюу есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хуралдана. Тодруулбал, БНХАУ-ын Шэньжен, Карамай, Хөлөнбуйр, Хайнан, ОХУ-ын Улаан-Үд, Элстэй, БНСУ-ын Сөүл, Японы Нийгата зэрэг хотуудын дарга нар “Зүүн Хойд Азийн  хотын дарга нарын форум”-д оролцох юм. “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааны үеэр ногоон дэд бүтэц, ногоон амьдралын хэв маяг, тогтвортой эрчим хүч, эрчим хүчний асуудал, эрчим хүчний хэмнэлттэй барилга, усны менежмент, ногоон эдийн засгийн тогтолцоо зэрэг сэдвээр сэдэвчилсэн хуралдаан зохион байгуулах ажээ. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг танилцуулна гэж нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ мэдээлсэн юм. Үүнээс гадна дээрх форумтай зэрэгцээд "Ногоон технологи 2015" үзэсгэлэн, яармаг зохион байгуулж байна. Үзэсгэлэн, яармагт 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож өөрсдийн үйлдвэрлэж, борлуулж буй бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, шинэ санаачилга, судалгаа туршилтын ажлын үр дүнгээ хэлэлцэх юм байна. Энэ удаагийн форумаас Зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гаргана. Үүнийг ирэх арванхоёрдугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top