Сурагчийн нийтийн тээврээр зорчих картыг өнөөдрөөс тараана

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Иргэд нийтийн тээврээр “U money” цахим карт ашиглан зорчиж байгаа билээ. Гэтэл сүүлийн саруудад насанд хүрэгчид сурагчийн картаар зорчих зөрчил гарах болжээ. Тиймээс нийтийн тээврээр зорчих сурагчдын энгийн картыг цахим картаар шинэчлэх болсон байна. Түүнчлэн сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах ёстой гэсэн шаардлага тавигдаж байгаа аж. Харин үнэмлэхийн хугацаа нь дууссан болон огт үнэмлэхгүй бол сургуулийнхаа захиргаанд хандаж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэж албаныхан анхаарууллаа. Учир нь сурагчдын цахим карт нь сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй байх гэнэ. Ийнхүү зохицуулж өгснөөр насанд хүрэгчид сурагчдын картаар зорчих асуудал арилах болно гэж үзэж байгаа юм байна. Мөн орон нутгаас нийслэлд суралцахаар ирсэн сурагчид Улаанбаатар шилэн банкны гурван давхарт байрлах “Улаанбаатар смарт карт” компанийн иргэдэд үйлчлэх төвөөс ирж, картаа авч болох бөгөөд сурагчид цахим картан дахь мөнгө нь дууссан тохиолдолд сурагчийн үнэмлэхээ үзүүлээд 200 төгрөгөөр зорчих боломжтой гэлээ. Цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан өнөөдрөөс эхлэн нэгдсэн байдлаар тараахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top