Найман мянга орчим жолооч эрхээ сэргээлгэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 23

Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн билээ. Тухайлбал, 2014 оны аравдугаар сарын нэгнээс долоодугаар сарын 02-ны хооронд жолоодох эрхээ хасуулсан иргэд шинээр үнэмлэх захиалах ёстой болжээ.

Учир нь 2014 оны есдүгээр сарын 22-нд гаргасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тушаалд ’’Зөрчил гаргасан жолоочийн үнэмлэхийг хэргийн материалд хавсаргах” тухай заалт орсон юм байна. Энэ нь жолоодох эрхээ хасуулсан иргэдийн үнэмлэхийг хурааж, үзүүрийг нь хайчлан тухай хүний архивыг үүсгэн хадгалдаг гэсэн үг аж.

Харин өнгөрсөн оны аравдугаар сараас өмнө жолооны үнэмлэхээ хураалгасан иргэд шинээр үнэмлэх захиалах шаардлагагүй, шууд хуучин үнэмлэхээ авч болно. Нэг үгээр хэлбэл 18 мянга орчим иргэн жолооны шинэ саарал үнэмлэхээ хураалгасан бол шууд тухайн үнэмлэхээ цагдаагийн байгууллагаас авч болох юм байна. Дээрх иргэдээс одоогоор найман мянга орчим нь жолоодох эрхээ сэргээсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top