Сэрэмжлүүлэг: Хуурамч архи зарагдаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 12 сарын 16

 Шинэ жилийн баярыг далимдуулан их хэмжээний хуурамч архийг Орос, Хятадаас оруулж ирж байгаа талаар МХЕГ-аас мэдэгдлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Балжинням энэ талаар “Гар дээрээс орос архи худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь хаана, хэзээ, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхой бус архи байх магадлалтай" гэлээ.

БНХАУ-д хуурамч архинаас болж 35 хүний биеийн байдалд хүндэрч, 18 хүн амиа алдсан хэрэг гарчээ. Мөн ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотуудад хуурамч архины бүлэглэл бий болсон байна. Тиймээс харилцан визгүй зорчдог тус улсуудаас архи худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

Шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ-руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос Оросын виски,  конъяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна. ОХУ-аас чанаргүй, хууль бусаар үйлдвэрлэгдсэн үхэлд хүргэх аюултай бүтээгдэхүүн орж ирэх гол нөхцөл нь дотоодын бүтээгдэхүүнтэй яг ижил татвар ногдуулдагт байгаа аж. Ингэснээр хямд үнэтэй чанаргүй архийг хилээр оруулж ирэх урсгал нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй хүчин зүйл үүсээд байгааг тус байгууллагаас сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top