Зика вирус урагт заналхийлж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 29

Уганда улсад 1947 онд сармагчнаас илэрч байсан зика гэх вирус Латин Америкийн орнуудыг заналхийлж байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

 

 

ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан “Зика вирус Латин Америкийн орнуудыг заналхийлж эхэллээ. Энэ онд 3-4 сая хүн уг вирусын халдвар авч магадгүй. Одоогоор зика вирусын тархалтыг зогсоох болон өвчтөнг эмчлэх эм бэлдмэл гаргаж аваагүй. Манай байгууллага энэхүү асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. АНУ, Их Британи, Францын эмч болон мэргэжилтнүүдээс туслалцаа хүссэн. Халдвар авсан насанд хүрсэн хүний 25 хувьд нь биеэр тууралт гарах, халуурах, толгой эргэх, дотор муухайрах зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг. Зика туссан хүн гаднаас хараад мэдэгдэхгүй. Шинжилгээгээр л халдвар авсан эсэхийг тогтоох боломжтой. Тиймээс халдвар авсан хүний тоог нарийн гаргах ямар ч боломжгүй” гэж хэлжээ.

 

Уг вирусыг шумуул хүнд халдаадаг болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. Хамгийн аюултай нь энэхүү вирусын халдвар авсан эхээс мэндэлсэн хүүхэд тархины хөгжилгүй, жижигхэн толгойтой мэндэлсээр байна. Зика вирус анхлан Бразил улсад бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсын 1.5 сая иргэн халдвар авчээ.

 

Бразилийн хойд мужуудад өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ны өдөр зика вирусын анхны тохиолдол бүртгэгджээ. Ганцхан өдрийн дотор халдвар авсан иргэний тоо 148-д хүрсэн байна. Зика вирусаас болж тус улсын удирдлагууд хөл хорио тогтоож, сургууль болон цэцэрлэгийг үйл ажиллагааг зогсоож, иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан билээ.

 

Урагт халдварлаж, тархины хөгжлийг сааруулдаг онц ноцтой тус вирусын халдвар авсан 3882 хүүхэд мэндэлжээ. Судалгаагаар халдвар авсан хүүхдүүд хараа болон ярианы чадвар тааруу болохыг тогтоожээ. Халдвар авсан хүүхдүүд хоорондоо тун адилхан болж буйг орон нутгийн хэвлэлүүд онцолсоор байна. Зика вирусын халдвар авсан хүүхдүүдийн эхэд улсаас тэтгэмж олгож, сэтгэл санааг нь дэмжиж эхэлжээ.

 

Бразилийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр “Зика вирус өнгөрсөн 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчдаар дамжин Бразил улсад нэвтэрсэн” гэв. 1999, 2001, 2005, 2008, 2012 онд Полинезийн аралд зика вирус дэгдэж, олон мянган хүн халдвар авч байжээ. Зика вирус бразилчуудыг заналхийлж буйгаас гадна 2016 оны Рео де Женейрогийн зуны олимп зохион байгуулагдах эсэхийг шийдэж байна. Хэрвээ уг халдвар зогсохгүй, иргэд халдвар авсаар байвал Дэлхийн олимпийн хороо Бразилийн олимп зохион байгуулах эрхийг түдгэлзүүлж магадгүй хэмээн олон улсын хэвлэлүүд шуугиж буй юм. Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссафф ямар ч хүнд бэршээлийн өмнө буулт хийхгүй гэдгээ мэдэгдэж, орон даяар онц байдал зарлаж, ариутгал хийх тушаал буулгасан юм.

 

Зика вирусын гол тээгч болох шумуулыг устгах ажилд мэргэжилтнүүд болон иргэд оролцож байна. Энэ сарын 24-28-ны хооронд 5500 шумуул устгасан болохоо тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Шумуул устгах ажилд 2000 цэрэг дайчилсан байна. Мөн шумуулын хор зэргийг иргэдэд тарааж эхэлжээ.

 

 

Венесуэл, Гайти, Гватемал, Гондурас, Колумб, Мартиник, Мексик, Панам, Парагвай, Пуэрто-Рико, Сальвадор, Суринам улсад Зика вирус бүртгэгдээд байна. “Эдгээр улсад халдвартай 500 мянган иргэн бий” хэмээн ДЭМБ мэдээлжээ. Жижигхэн толгойтой хүүхэд мэндэлж буйтай холбогдуулан дээрх улсууд эмэгтэйчүүдийг жирэмсэн болохоо нэг жилээр хойшлуулах, эм бэлдмэл гарган авах хүртэл жирэмсэлтээс сэргийлэхийг уриалсан байна.

 

“Хэдий хүний эрхийг зөрчиж буй ч хоригоос өөр хойч үеэ хамгаалах арга алга хэмээн” Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Францын вирус судлалын тэнхим “Зөвхөн шумуулын хазалтаар зика вирус хүнд халдаж байгаа. Гэхдээ явцын дунд уг вирус эбола шиг олон замаар хүнд халдварлах өндөр магадлалтай байна” гэв.

 

Зика вирусаас өмнө эбола гэх вирус олон улсыг заналхийлсэн билээ. Эбола вирус Баруун Африк болон Европын 10 гаруй оронд бүртгэгдэж, 11 мянган хүний аминд хүрчээ. Мөн уг вирусын халдвар авсан 23 мянга орчим хүн хяналтад байна. 2014 оны долоодугаар сард дэгдсэн эболаг энэ оны эхээр “бүрэн зогссон” хэмээн ДЭМБ-аас мэдээлсэн ч 14 хоногийн дараа Сьерра Леон улсад дахин бүртгэгджээ. Эбола хүнээс хүнд халддаг бол зика шумуулаас хүнд халддаг байна. Одоогоор зикагийн халдвартай хүнээс халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяр(150.129.140.169) 2017 оны 10 сарын 05

Маш харамсалтай юм

0  |  0
Top