Тахарын албаны алба хаагч хоёр хүүхдийн амь аварчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 03

Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь хэсгийн харуул хуяг туслах тахар Б.Мөнхболд галаас хоёр хүүхдийн амь насыг аварсан сайхан мэдээгээр энэ өглөөг эхлүүлье.

Б.Мөнхболд нь өнгөрөгч сарын 21-ны өдөр албан үүргээ гүйцэтгээд гэртээ харьж явахад нь 18 дугаар байрны хоёр давхраас бага насны хоёр хүүхэд "Ахаа туслаарай, манай гэр шатаж байна" гэж хашгирсан байна.

Үүнийг сонссон тэрбээр тус орц руу гүйн ороход орцоор дүүрэн утаатай, харанхуй байсан ба хаалганы дэргэд очиход дотроосоо шатсан байдалтай хаалганы завсраар гал улалзаж байсан байна. Энэ үед хажуу айлын эмэгтэйд "101 дуудаарай" гэж хэлээд гадна хаалгыг мулт татаж онгойлоход дотроо давхар хаалгатай байсан ба тэр нь шатаж байсныг өшиглөж онгойлгон ороход бага насны эрэгтэй, эмэгтэй хоср хүүхэд уйлаад сууж байсан аж.

Хоёр хүүхдэд өөрийн өмсч явсан гадуур хувцсаа нөмөргөөд авч гарч нэгдүгээр давхрын айлд оруулан учрыг хэлээд орхих үед онцгой байдлын гал унтраагчид ирж галыг унтраажээ. Хүүхдүүдийн эцэг, эх түүнтэй утсаар холбогдон хүүхдүүдийг нь галын аюулаас амь насыг нь аварсанд талархлаа илэрхийлжээ. Уг алба хаагч нь өмнө нь Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албанд "аврагч, гал сөнөөгч"-өөр найман жил ажилласан туршлагатай алба хаагч юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top