Хүүхдээ хөхүүлэхийн 12 давуу тал

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 10

Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдгийг та мэдэх үү? 
Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.
Эхийн сүү нь өөрийнхөө хүүхдэд л тусгай зориулагдсан байдаг хэмээн мэргэжлийн эмч нар онцолж, эхийн сүүний 12 ач тусыг ийнхүү жагсаасан байна.

  1. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хувьд хамгийн сайн хоол дангаараа эхийн сүү юм: Хүний амьдралын эхний 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганцхан дэмжлэг бол Д аминдэм юм…
  2. Ээж бүрийн сүү нь өөрийн хүүхдэдээ тусгай үйлчилгээтэй: Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Жишээ нь: Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдаг байна. Мөн дутуу төрсөн хүүхдийн эхийн сүүний найрлага нь хугацаандаа төрсөн хүүхдийнхээс өөр байдаг нь тогтоогдсон байдаг.
  3. Амархан шингэдэг: Эхийн сүү бол нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон. Эхийн сүүнд агуулагддаг уураг, тос нь үнээний сүүнийхтэй харьцуулахад илүү амархан шингэдэг. Ерөнхийдөө эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй. Дан ганц эхийн сүүгээр хооллож байх нөхцөлд бүрэлдэн бий болдог гэдэсний өнгөр нь элдэв үрэвсэл, шингэн алдахаас хамгаалж байдаг байна.
  4. Илүү бага натри (давс), уураг: Эхийн сүүний найрлаган дахь давс, уураг нь үнээний сүүнд байдгаас хамаагүй бага байдаг учир дөнгөж төрсөн хүүхдийн хөгжиж буй бөөрний шүүх чадварт нийцдэг.
  5. Илүү бага харшлах эрсдэл: Эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдийн хувьд эхний 6 сардаа болон нэмэлт хоолонд орох үед нь ч тэр хоол хүнсний тал дээр ямар нэгэн харшил өгөх нь угжны хүүхэдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг байна.
  6. Илүү их кальци ба төмрийн шимэгдэл: Эхийн сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй.
  7. Арьсанд нөлөө: Эхийн сүүгээр хооллодог хүүхэд шээс, баасандаа илүү бага түлэгддэг.
  8. Дархлааг сайжруулдаг: Эхийн сүү бол хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг дархлааны анкор хэмээх бодисыг дамжуулж дархлааны системийг нь сайжруулж байдаг. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд чихний үрэвсэл, ханиад зэрэг өвчнөөр бага өвчилдөг, эмнэлэгт хэвтэхээр нян бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг.
  9. Хэт таргалалтаас хамгаалдаг: Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг.
  10. Сэтгэлзүйн хөгжилд ач тустай: Эхийн сүүгээр хооллох явцад эх-хүүхдийн хооронд дотны нандин холбоос үүсч байдаг. Энэ нь хүүхдийг сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг.
  11. Эхийн сүү байнга бэлэн байдаг: Үргэлж хэрэглэхэд бэлэн, ариутгагдсан, байнга бүлээхэн байдаг. Хүүхдэд хэрэгцээтэй үед хаана ч, хэзээ ч бэлэн байдаг. Хамгийн чухал нь үнэ төлбөргүй.
  12. Эхийг хамгаалж байдаг: Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг. 2 нас хүртэл нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй.

Хүүхдийг төрсний дараах эхний 6 сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, 6 сараас нь хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Нэмэлт хоолонд дасгах явцад үндсэн хоол нь эхийн сүү байх бөгөөд хүүхэд 1 нас хүрэхэд хүүхдийн хоолны 30 хувийг эхийн сүү эзэлж байх ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хүүхдийг эхийн сүүгээр хоол тэжээлийнх нь зэрэгцээ 2 нас хүртэл нь хооллохыг зөвлөдөг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top