Улаанбурханы өвчлөл буурчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч энэ өвчин Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод тархалт өндөр байна.

Сайдын мэдээлснээр өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18 хувь нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-9 сартай 21 хүүхэд  эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байгаа юм байна. Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын гурван аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ.

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн ойрын хавьтлын судалгааг хийж, 160 хүнийг голомтын дархлаажуулалтад хамруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top