“АВМА” оношлогоо, эмчилгээний төвийн дотрын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, их эмч Б.Цэрнээтэй нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа.
-Нойр булчирхай гэж ямар үүрэгтэй эрхтэн бэ. Нойртой ямар нэг байдлаар холбоотой юу?
-Нойр булчирхай дасан зохицох чадвар сайтай холимог булчирхай. Нойр булчирхайг бүтцийн хувьд толгой, их бие, сүүл гэсэн гурван хэсэг хуваадаг бөгөөд урт нь 15-23 см, өргөн нь 3-9 см, жин нь 70-90 грамм. Нойронд ямар ч нөлөөгүй эрхтэн. Нойр булчирхайн өвчин гэхээр зарим хүн нойртой холбож ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Энгийнээр хэлбэл нойр булчирхай хоёр төрлийн шүүрэл ялгаруулах үндсэн үүрэгтэй. Нэг нь хоол боловсруулалтад оролцдог, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг ялгаруулдаг. Нөгөө нь дотоод шүүрлийн дааврууд. Үүнээс инсулин нь сахар шимэх, задлах үйл ажиллагаанд оролцдог учраас уг даавар дутагдсанаар чихрийн шижин өвчин үүсдэг юм.
-Энэ өвчин юунаас болж үүсдэг вэ?
-Удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт их идэх нь нойр булчирхайг үрэвсүүлдэг нэг шалтгаан. Цөсний чулуу, цөсний хүүдийн үрэвсэл элбэг тохиолддог. Цөс өтгөрөх, хана нь зузаарах, цөсний хүүдий хүзүү хэсгээрээ нугаларах зэрэг эмгэг хэсэг хугацааны дараа нойр булчирхай үрэвсэхэд хүргэдэг. Цаашилбал, гэдэс, ходоодны шархлаа, архаг үрэвсэлд ч хүргэнэ.
Нойр булчирхай өвчилсөн үед ямар эмгэг болохоос шалтгаалан шинж тэмдэг нь өөр. Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед өмнө нь нойр булчирхай өвдөж байгаагүй хүн тодорхой шалтгааны улмаас өөх тос ихтэй, шарсан, хуурсан зүйл идээд дээрээс нь архи уусны дараа оройн цагаар гэнэт хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөлт үзүүлдэг. Аюулхай орчмоор юм уу нийтдээ бүсэлхийлэн тасрах гэж байгаа мэт маш хүчтэй өвдөхийн зэрэгцээ дотор муухайрч, тасралтгүй бөөлжин, их хэмжээний шингэн алддаг. Архаг үрэвсэл хурц үедээ дээрхтэй ижил шинж тэмдгээр илэрч болно.
Ялимгүй ялгаа нь өөх тостой буюу таарахгүй хоол идэх, юм идсэний дараа гэдсээр даарах, архи уух гэхчилэн хоолны дэглэм алдсантай холбоотой үе үе сэдэрдэг. Олон жил архаг үрэвсэлтэй явсан өвчтнүүд сүүлийн үе шатанд нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдлын шинж илэрдэг. Энэ шалтгаанаар гүйлгэж болно. Ингэхдээ өдөрт 1-2 эсвэл их хэмжээтэйгээр гүйлгэх ба ялгадас өтгөвтөр тогтоцтой, цайвар шаргал өнгөтэй, гялалзсан, ус татсаны дараа жорлонгийн суултуурт наалдаж үлддэг онцлогтой.
-Нойр булчирхайн архаг үрэвслийн үед шинж тэмдэг ямар байдлаар илэрдэг вэ?
-Аюулхай орчим, хүйснээс дээш хүчтэй хатгаж эсвэл халуун оргиж өвдөнө. Өвдөлт баруун ба зүүн тийш дамждаг. Зарим тохиолдолд бүсэлхийлж ч өвдөнө. Ер нь ихэвчлэн хоолтой холбоотой. Хоол идсэний дараа 2-3 цагийн дараа өвддөг. Түүнчлэн хоол боловсруулалт буурах шинж илэрнэ. Хоолонд дургүй болох, огиулах, дотор муухай оргих, бөөлжсөний дараа дотор онгойхгүй байх шинж илэрнэ.
Мөн үс унах, арьс хуурайших шинж тэмдэг ч илэрдэг. Хоол боловсруулах бусад эрхтний эмгэгүүдтэй харьцуулбал нойр булчирхайн өвчлөл манай улсад харьцангуй цөөн байсан. Харин сүүлийн жилүүдэд эрс өссөн. Энэ нь нэгдүгээрт, архи болон архины төрлийн ундаа их хэрэглэж байгаатай холбоотой. Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг гол шалтгаан архидалт юм шүү дээ.
Хоёрдугаарт, хоолны дэглэм барьдаггүйтэй, хоолны чанар, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой. Элдэв төрлийн халуун ногоо,хоол амтлагч, бэлэн гоймон, лаазалсан, даршилсан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүн гэж өнөөдөр байхгүй болж.
-Согтууруулах ундаанаас татгалзах нь нойр булчирхайгаа хайрлах хамгийн гол арга гэсэн үг үү?
-Нойр булчирхайн цочмог үрэвслийн 73, нойр булчирхайн архаг үрэвслийн 58-90 хувь нь архины шалтгаантай болохыг эрдэмтэд тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар эрэгтэй хүн долоо хоногт 21, эмэгтэй хүн 14 тун архины төрлийн ундаа хэрэглэхэд хоргүй гэж үздэг. Нэг тун нь 150 мл дарс, 250 мл шар айраг, 40 мл архитай тэнцүү юм. Үүнээс ихээр буюу хэмжээ хэтрүүлж, удаан хугацаагаар тогтмол хэрэглэхэд нойр булчирхайд нөлөөлдөг.
Жишээлбэл, өдөрт архийг 50 гр-аар гурван жил уухад нойр булчирхайн үрэвсэл үүсдэг. Архины шалтгаант элэгний хатуурлаар нас барсан өвчтөнүүдийн 70-100 хувьд нойр булчирхайн үрэвсэл илэрч байсан. Ер нь манай улсад архинд донтох өвчний өмнөх хэлбэрийн хэтрүүлэн хэрэглэгчдийн тархалтын интенсив үзүүлэлт бүх нутагт өссөн. Хот суурин газарт хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хотжилтын сөрөг нөлөө ч архи хэтрүүлэн хэрэглэх үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд хүргэх нэг хүчин зүйл болдог нь судалгаагаар батлагдсан. Ялангуяа, эрэгтэйчүүдийн дунд тархсан архинд донтох өвчний тархалт эмэгтэйчүүдийнхээс 143 дахин өндөр байна.
Тэр тусмаа 25-49 насны бүлэг буюу хөдөлмөрийн насанд байгаа нь нийгмийн зүгээс анхаарах чухал асуудал юм. Нөгөөтэйгүүр цөсний хүүдий болон цөс дамжуулах замын эмгэгүүд нойр булчирхайн архаг үрэвсэлд хүргэдэг. Иймээс архийг аль болох хориглох, эмийг зөв хэрэглэх, шүд, элэг цөс, ходоод гэдэсний өвчнөө нэн даруй эмчлүүлэх шаардлагатай. Архи, дарс хэрэглэх тохиолдолд өлөн биш байх, тодорхой хэмжээнд махан хоол идсэний дараа бага уух, чанартайг нь хэрэглэхэд анхаарах хэрэгтэй.
-Удамшлын шалтгаантай байж болох уу?
-Нойр булчирхайн шүүрэл ялгаралт, шүүрлийн ферментийн дутагдал удамшлын шалтгаантай байж болно. Нойр булчирхайг үрэвсүүлэх шалтгаан ч болж болно. Мөн вирусын шалтгаан маш бага хувийг эзэлдэг ч зарим тохиолдолд их нөлөөтэй. Хэдэн жилийн өмнө манай улсад гахайн хавдрын халдвар нэлээд дэлгэрэхэд нойр булчирхай гахайн хавдрын вирусээр цочирч өвчний тохиолдол ихэссэн. Ер нь элэгний В, С вирус, гахайн хавдрын вирус нойр булчирхайг хоёрдогчоор гэмтээж болно.
-Нойр булчирхай өвчлөхөд уур амьсгал нөлөөлөх үү?
-Дулааны улирал эхлэхээр манайд нянгийн үржил эрс нэмэгдэж, ходоодны өвчин ихэсдэг. Гэдэсний халдварт болон халдварт бус өвчлөлүүд ч нэмэгддэг. Тиймээс дулааны улиралд иргэдийн дунд янз бүрийн шалтаг, шалтгаанаар цөс, нойр булчирхайн өвчлөл нэмэгддэг. Нойр булчирхайг үрэвсүүлдэг шалтгааны нэг боодог. Боодог идэхдээ айраг, архи уух нь ч бас нөлөөлнө. Ер нь хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавиад жилд ганц удаа цусны биохимиийн шинжилгээ, зүрхний бичлэг хийлгэх, эход үзүүлэх хэрэгтэй. Эмчид үзүүлэхгүй байж өөрөө өөртөө онош тавиад, зөв буруу эмчлээд, улам даамжруулах тохиолдол элбэг.
-Энэ өвчинд тарваганы хүн мах сайн гэлцдэг. Үүнд Та ямар хариулт өгөх вэ?
-Ийм мах идээд өвчин нь эрүүл болсныг мэдэхгүй. Яахав гайгүй болж байна гэж ярихыг сонссон. Гэхдээ нэгэнт үрэвсвэл эдгэхгүй. Харин түүний оронд зөв хооллон, эрүүл хүнс хэрэглэвэл нойр булчирхай үрэвсэхгүй. Дээр нь хоёрдагч өвчнүүдээ эмчлэх ёстой. Хоёрдогч өвчин гэдэг нь элэгний архаг үрэвсэл, цөсний чулуу, ходоодны шарх, улайлт, архаг үрэвсэл. Эдгээр үрэвслээр дамжин нойр булчирхай үрэвсдэг.
-Нойр булчирхайн үрэвслийг бүрэн эмчлэх боломжтой юу?
-Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй бол төгс эмчлэгдэнэ гэж үгүй. Эмчилгээ хийснээр хурц үеийг л дарна. Хэрвээ өвдөлт үүсгэх хүчин зүйлүүдийг хэрэглэж эхэлбэл эргээд л сэдэрнэ. Тухайн хүнээсээ хамааралтай өвчин гэсэн үг. Жишээ нь, настай хүнд ихэвчлэн хүндэвтэр хэлбэрээр тохиолддог. Гол нь иргэд нойр булчирхайн архаг үрэвслийг ходоод гэдэсний бусад эмгэгтэй андуурах нь их. Жишээлбэл, ходоод гэдэсний шархлаа, архаг үрэвсэл, хавдар, вируст гепатит, цөсний гэрийн архаг үрэвсэл гэх мэт.
Иймээс дээрх шинж тэмдэг илэрвэл өвчин намдаах эм хэрэглэлгүйгээр яаралтай эмчид хандаарай. Оношоо тодруулахын тулд дотрын болон нарийн мэргэжлийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмчид үзүүлэх хэрэгтэй. Харин бусдын зөвлөснөөр бие даан эмчилгээ хийж болохгүй. Үрэвссэн нойр булчирхай зүрх болон хоол боловсруулах эрхтнүүдэд сөргөөр нөлөөлдөг. Мөн цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж чихрийн шижин ч үүсгэнэ.
Цаашилбал уйланхай үүсгэж, хортой, хоргүй хавдар үүсгэх гэмтэй. Нойр булчирхайн хурц үрэвсэл эцсийн шатандаа орвол хурц шинж тэмдэг өгч, шоконд оруулдаг. Иймээс өвчтөн гэлтгүй хүн бүр хоолоо аль болох бага, багаар ойрхон, өдөрт 5-6 удаа идэх хэрэгтэй. Мөн шарсан, хуурсан, дарсан, давсалсан хүнс, өтгөн байхуу, кофеноос татгалзах ёстой. Нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдлыг нөхөхийн тулд ферментийн бэлдмэлийг хэрэглэж болно. Сүүлийн жилүүдэд олон төрлийн эмчилгээний ферментүүд гарсан. Хамгийн гол нь өвчтөнийхөө нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдлын зэргээс хамаарч тохируулах ёстой.
Ж.Хоролсүрэн
Сэтгэгдэл ( 0 )