Долоо хоногт нэг удаа энергийн цэвэрлэгээ хий

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 11

Рерихийн нийгэмлэгийн удирдагч, йогийн багш Тамази Тавадзегээс нэг удаа орон гэрийн энергийн цэвэрлэгээний талаар асуухад “Тоос бол оюуны бохирдол. Цэвэр цэмцгэр бай, их цэвэрлэгээ хий. Үүнийг л орон гэрийн энергийн цэвэрлэгээ гэнэ” гэж хариулжээ.

Гэр орны сөрөг энергийг цэвэрлэх олон арга байдаг. Эдгээр аргыг ашиглан долоо хоногт ядаж нэг удаа энергийн цэвэрлэгээ хийж байгаарай.

Хамгийн үр нөлөөтэй арга бол дөрвөн махбодын энергиэр орон гэрээ цэвэрлэх. Ариун ус, рашаан бол усан махбод, лаа болон гал нь галын махбод, арц хүж зэргийг хийн махбод, харин ариун давсыг шороон махбод гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гал голомтдоо хуримтлагдсан сөрөг энерги, орон гэрт бүгсэн энерги-мэдээллийн бохирдлыг арилгахын тулд дөрвөн махбодыг ашиглах боломжтой.

Сүмийн лам нар, зөнбилэгчид эдгээр аргыг өргөн хэрэглэдэг. Боломжтой бол та тэдний тусламжийг аваарай. Үүний зэрэгцээ та өөрөө бие даан гэртээ энергийн цэвэрлэгээ хийж сурсан нь дээр.

Жишээлбэл лаа асаан гэр орны сөрөг энергийг арилгаж болно. Үүний тулд асаасан лаагаа барин бүх өрөөгөөр явж, булан тохой бүрд зогсоно. Ялангуяа овгор товгор газар, хурц өнцөгтэй бол энерги ихээр хуримтлагддагийг анхаар. Гэрээ тойрч байх үед лаа шажигнан дуугарч, дөл нь тогтворгүй байвал гэрт энергийн бохирдол их байна гэсэн үг. Харин лааны дөл жигд, нэгэн хэвийн дөлгөөн асч байвал танай гэр орон энергийн хувьд цэвэр байна.

Энергийн элдэв хортой “микробууд”-ыг ладаны /гүгэл/ үнэр их сайн устгадаг. Түүний утаа өрөө тасалгаа, өнцөг бүрт нэвтэрч, улмаар сөрөг мэдээллийг саармагжуулан, гэрт амгалан тайван, таатай уур амьсгал бүрдүүлдэг. Үүнээс гадна гэрийнхнийхээ байх дуртай газар, зочид байнга суудаг хэсэгт рашаан цацаж ариутгана.

Давс бол цэвэрлэгээний маш хүчтэй хэрэгсэл. Давсаа эхэлж “цэнэглэх” хэрэгтэй, сөрөг нөлөөллийг арилгахын тулд. Харин дараа нь гэрийнхээ өнцөг булан бүрд энэ давсаа цацна.

Байгалийн геопатоген бүсүүдийг пирамид саармагжуулдаг. Иймээс жижигхэн ч гэсэн пирамид гэртээ тавибал танай гэр орныг бүхэлд нь хянаж чаддаг. Харин пирамидын овор хэмжээ ихсэх тусам нөлөөлөл, үйлчилгээ нь улам ихсэх нь ойлгомжтой.

Орон гэрээ цэвэрлэхийн зэрэгцээ сөрөг энергийн хамгаалалт хийж байх хэрэгтэй. Үүний тулд тодорхой нөлөө, үйлчилгээ бүхий эд зүйлсийг ашигла. Жишээлбэл орох хаалган дээр өлгөсөн өргөстэй тах. Мөн бурхан шүтээн, тахилын эд зүйлс. Гаднаас орж ирсэн хүний харц түрүүлж тусдаг тэр газарт голдуу эдгээр зүйлс байрладаг. Яагаад гэвэл муу санаа өвөрлөн орж ирсэн хүмүүсийн нүдний харц хамгийн түрүүнд хойморт байгаа эдгээр хамгаалалт дээр тусч саармагжих болно. Харин дараа нь тэр хүн танд гэм хор хийж чадахгүй.

Та өөрийн энергиэр орон гэрээ цэвэрлэх аргыг туршаад үз. Сэтгэл дотроо гарынхаа био талбайг хэд дахин нэмэгдэж, улмаар энэ энергиэрээ орон гэрээ бүрэн бүрхэн авч байна гэж төсөөл. Бүх өнцөг булан, дээвэр тааз, жижиг зүйлсийг ч бодол санаагаараа нөмрөн авч, энергиэрээ угааж байна гэж дүрслэн бодож, дараа нь бүхнийг гараасаа авч хаян гал руу буюу дэлхийн магма руу шидэж байна гэж төсөөл.

Өөрийн энергиэ ашиглан нэмэлт хамгаалалт хийж болно. Та өөрийн толгой дээр тал бөмбөлөг үүсч байна гэж төсөөл, түүнийгээ хийлэн өөрийн дургүй хүмүүсийг, хоёр нүүртнүүд, чалчаа ховч нөхөд зэргийг тийш нь оруулчих. Ингээд таныг амьсгал авах, гаргах үед нөгөө бөмбөлөг толгойноос тасарч одон өөрийн амьдралаар амьдраг. Түүнчлэн та сайн хүмүүс, өөдрөг үзэлтэй, сайн санаатнуудыг урин дуудаж, тэр бөмбөлөгт оруулах замаар өөртөө татаж болох юм.

Мөн ийм бөмбөлгийг өдөр бүр хаалган дээрээ өлгөж байгаагаар төсөөл. Өдөрт түүнээ энергээр цэнэглэж, шинэ нөхцөл байдлыг үүсгэх гэх мэтээр ажилла. Ингэвэл танайд орж ирж байгаа хүн бүр босгон дээгүүр алхах бүрдээ цэвэрших төдийгүй муу санаа, сөрөг сэтгэл хөдлөлөө хаалганы цаана орхино.

Христийн шашинтнуудын хэрэглэдэг нэг арга бий. Тэд орон гэрээ ариутгах залбирал мөргөлөө уншихын зэрэгцээ гэрийнхээ хаалга, цонхыг бүгдийг хэрээсэлж байгаагаар төсөөлдөг. Ингэснээр сөрөг хүчний нөлөөнөөс илүү сайн хамгаалж байна гэж христүүд итгэдэг.

Орон гэрээ сөрөг энергиэс цэвэрлэх энгийн аргыг санал болгож байна. Та хэдэн сонгино арилгаад тус бүрийг зүсэж, хоёр хуваана. Дараа нь өрөө тасалгаа бүрдээ тал сонгиноо тавь. Зүссэн хэсгээр дээш харуулах бөгөөд угаалгын өрөө, жорлонгийн өрөө, агуулах гээд бүх өрөөнд тавиарай. Сонгино тэндээ шөнөжин байх ёстой. 12 цаг байх хугацаандаа тал сонгино бүх сөрөг энергийг яг антенн шиг өөртөө татаж, өрөө тасалгаагаа цэвэрлэж, ариутгадаг.

Өглөө сонгинод гараа хүргэж болохгүй. Зүү эсвэл чүдэнз зэргээр хатган авч, уутанд хийгээд гэрээс гаргаж хая. Энэ энгийн аргын тусламжтайгаар танай гэр орны энерги маш сайн цэвэршинэ.

Үүнээс хойш та орон гэрийн энергиэ цэвэр ариун байлгахад ихэд анхаар. Долоо хоногт дор хаяж нэг удаа цэвэрлэгээ хийж занш. Энэ үеэр гадны энерги-мэдээллийн бохирдлоос гэр орноо хамгаалах арга хэмжээг тогтмол авч байгаарай.

Гэр орон цэвэр цэмцгэр, гэгээлэг байх тусам сэтгэл санаа тавтай, гэр бүлийнхний харилцаа сайхан, үр хүүхэд болон өөрийн, бас ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд ч сайн байна.

Ийм гэрт л та бүрэн хэмжээгээр амарч, хүч чадлаа сайхан нөхөн сэргээж чадна. Мөн гэр ахуйн ямар ч ажлыг хийхэд хөнгөн хялбар, сонирхолтой байх болно. Ер нь орон гэрийн тав тух гэдэг маш нарийн асуудал, их чухал зүйл.

Англичууд “Миний гэр орон бол миний цайз” гэж ярьдаг. Харин танай цайз бат бөх биш, онгорхой цоорхой бол муу санаатнууд, дайснууд үүнийг тань ашиглана. Танай гэр бүлийн хүмүүс хоорондоо эв түнжин муутай, хэрүүл уруултай амьдардаг бол сөрөг нөлөөлөлд амархан өртөхийг анхаар. Иймээс энергийн цоорхойгоо яаралтай нөхөж, орон гэртээ энергийн цэвэрлэгээ хий.

Энергийн цэвэрлэгээг заавал хийх шаардлагатай тохиолдол байдаг. Үүнд:

-Гэр бүлд саяхан гай зовлон тохиолдсон бол. Жишээлбэл хүнд өвчин, гэр бүл цуцлалт, үхэл.

-Гаднаас олон хүн ирэх, гэрт байнга холхих. Муу санаагүй, уур уцааргүй байсан ч гэсэн гадны хүн л бол гадных. Тэдний янз бүрийн энерги танай гэр орны өөрийн энергийг сүйтгэдэг гэдгийг анхаар.

-Түүнчлэн баяр хөөртэй үйл явдлын өмнө гэртээ энергийн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Жишээлбэл ам бүл нэмэгдэж, хүүхэд төрөхийн өмнө энергийн цэвэрлэгээг заавал хий. Бяцхан хүүхэд онцгой цэвэр, ариун уур амьсгал дунд өсч торних ёстой.

Энергийн цэвэрлэгээг зөвхөн эрүүл саруул, хүчтэй энергитэй хүн хийх ёстойг мартаж болохгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top