“Анжел” эмнэлгийн дотрын их эмч Ц.Сэр-Одтой ходоодны шарх яаж үүсдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө авлаа.
-Ходоодны шархаар хэр олон хүн өвддөг юм бол, өвчлөлийн шалтгаан юу вэ?
-Ходоодны шархлаа, ходоодны хеликобактерийн халдвар буюу хеликобактерийн үрэвсэл Монголд тархалт ихтэй өвчний тоонд ордог. Хеликобактери ходоодны үрэвсэл болоод цаашлаад ходоодны шарх үүсгэх аюултай. Энэ өвчин тодорхой үүсгэгчтэй учраас халдварын гаралтай өвчинд тооцогддог. Эрүүл хүн хеликобактеритэй хүнээс халдвар авдаг гэсэн үг. Халдвар наад зах нь бидний амьдралын буруу зуршил буюу хүүхдээ амнаасаа хооллосноос болж халдварлана. Мөн нэг алчуураар арчих, нэг аяга тавагнаас хооллох, гар угаах, бие засах газар эрүүл ахуйн дэглэм баримтлаагүйгээс халддаг байна. Хеликобактери ходоодонд ормогцоо идэвхтэй үржиж салстыг гэмтээж эхэлдэг.
-Ходоодны шархтай бол шинж тэмдэг нь яаж илэрдэг юм бэ?
-Ихэнх үед хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулах, өтгөн хатдаг байна. Хоолонд хэт их ховдоглох хуурай аргуун хоол идэх, архи кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог. Ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож ходоод гэдэсний хямрал үүсдэг. Хүмүүст илрэх шинж нь ходоод гэдэсний хямрал гэхээсээ илүү зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт мэдрэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг. Энэ шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
-Ямар хоол хүнс ходоодны шарх үүсэх нөхцлийг бүрдүүлдэг вэ?
-Мах махан бүтээгдэхүүн, хиам, сосиск, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, архи, тамхи хэрэглэх нь ходоодыг цочроож ходоодны салст бүрхэвчний хамгаалалтыг бууруулдаг. Ходоодонд хэт их цочрол өгснөөр энэ өвчнийг үүсгэх гол нөлөөлөл болно.
-Ходоодны шарх бүрэн эдгэрдэг үү?
-Ходоодны шарх эдгэрдэг өвчин. Шархыг бүрэн гүйцэд эмчлүүлэхгүй бол сэдрэх тохиолдол бий. Тиймээс шархтай болсон бол мэргэжлийн эмчээр эмчлүүлэн дараа нь тодорхой хугацаанд хяналтад байх хэрэгтэй. Оношилгоо, эмчилгээ эмчтэй холбоотой ч бусад бүх зүйл эмчлүүлэгчээс хамаардаг. Хувь хүнээс болдог учраас хоолны дэгийг сайн барих хэрэгтэй.
-Ходоодны шархыг эмчлэхгүй удаан явбал ямар эрсдэлтэй вэ?
-Шархаа удаан эмчлүүлэхгүй явбал хавдар болох аюултай. Мөн ходоодны шарх задарч цус алдах уршиг бий.
-Ходоодны шархтай болсон бол ямар эмчилгээ хийлгэх вэ?
-Хамгийн түрүүнд хеликобактерийн шинжилгээ өгч, эмчлүүлэх шаардлагатай. Түүний дараа ходоодны шархны эмчилгээг хийнэ гэсэн үг. Эмчлүүлэгчийн шарх том, багаас шалтгаалж эмчилгээ өөр өөр байна. Хүмүүс өөрсдөө эмийн сангаас хеликобактерийн эм дур мэдэн авч ууснаас бактер нь эмэндээ дасал болчихдог. Тэрнээс болоод эмэнд дарагдахгүй сөрөг нөлөө гардаг.
-Ходоодоо эрүүл байлгахад хоолоо хэрхэн тохируулах вэ?
-Дээр үед нэг хүн нэг аяга, халбагатай байдаг байсан нь хеликобактери дамжихаас сэргийлдэг байж. Харин одоо энэ байдал алдагдсан учир аяга, тавгаа сайн ариутгаж, цэвэрлэх шаардлагатай болсон. Хамгийн чухал нь зөв хооллох шаардлагатай. Архи, дарс, өөх тос, хайрч шарж болгосон гээд ходоодны шүүрлийг ихэсгэдэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй.
-Ходоодны шархаа яаж оношлуулдаг вэ?
-Ходоодны шархыг дурангаар оношилно. Мөн сүүлийн үед эхогоор хардаг болсон байна лээ. Гэхдээ түүнийг туршлагатай эмч нар харах байх. Дурангийн шинжилгээ хийлгэхээр шарх сэдэрнэ, шархгүй байсан бол шархална гэх мэтээр ярьдаг нь худлаа зүйл. Олон улсад 40-өөс дээш насны хүнд ходоодны хавдар тохиолддог боловч Монголд 20-30 насныханд тохиолдож байна. Тэгэхээр ходоодны шинжилгээг зайлшгүй хийлгэж байх хэрэгтэй.
Уламжлалт анагаах ухаанаар шархыг анагаах нь
Уламжлалт анагаах ухааны эмч нар эмчлүүлэгчдэдээ ургамлын тан өгдөг бөгөөд хоолны дэглэм сайн барих зөвлөгөө өгдөг байна. Тухайлбал, исгэлэн зүйлүүд, архи, дарс, айраг, ундаа, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьдог ажээ. Мөн хоолны хэмжээг тохируулж, бага багаар идэхийг зөвлөдөг байна. Уламжлалт анагаах ухаанаар эмчилгээ хийхэд махан хоол идэхийг хорихгүй ч өөх, тостой зүйлийг хэтрүүлж хэрэглэхийг сэрэмжлүүлдэг байна. Мөн эмчилгээ хийх үед оюун санаагаа тайван байлгахыг зөвлөдөг байна.
Зөгийн балтай ширгээсэн усны шид
Эмчилгээний хувьд хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд нэг халбага хийж уухыг зөвлөдөг аж. Энэ бэлдмэлийг өдөрт гурван удаа 14 хоног уухад нөлөөлдөг байна. Мөн манай орны хаа сайгүй ургадаг таван салааг хандалж уух, чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт гурван удаа уух зэрэг нь ходоодны шарханд сайнаар нөлөөлдөг гэнэ. Ходоодны шархны архаг өвчтэй хүн нэг амны халбага ургамлын тос балгаж гаатай чихэр хүлхдэг байна. Түүнийгээ залгиж болохгүй бөгөөд 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлдаг байна. Энэ эмчилгээг өглөө өлөн элгэн дээрээ мөн орой унтахын өмнө хийвэл 10-20 хоногт үр дүнгээ үзүүлдэг ажээ.
Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болдог ажээ. Энэ мэт ардын эмчилгээнд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг юм байна.
Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх
Олны дунд дэлгэрсэн ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх аргыг хүргэж байна.
Эм бэлтгэх жор, арга: - 20 гр нунтаг хушга - 1/2 стакан, буцламгай усанд нэг ц/х зөгийн бал хийнэ. Хандлах хугацаа 30 минут байхад болно. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. Уух журам: Өдөрт нэг удаа десертний (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай. Бэлдмэлийг хэрэглэснээр ходоодны шархыг сайн аниулна, ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг байна. Мөн цусны шүүрлийг зогсоож, ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг аж. Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг. Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай байдаг ажээ.
С.Ариунжаргал
Сэтгэгдэл ( 1 )
энэ эмчид үзүүлмээр байна. яаж холбогдох уу