Дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр АНУ-ын Энхтайвны корпусын Монгол дахь захирал Жин Никсонтай уулзлаа. Уулзалтын эхэнд Энхтайвны корпусын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд болон 2017 онд хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг танилцуулсан юм.
1990 онд Монгол Улсын Засгийн газар Энх тайвны корпусыг Монгол Улсад ажиллуулах хүсэлт гаргасны дагуу 1991 онд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд манай улсад ирж ажиллаж эхэлсэн түүхтэй. 2017 оноос Энхтайвны корпусаас Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг хүүхэд залуучуудад эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх юм байна.
Уулзалтаар цаашид халдварт болон халдварт өвчнөөс сэргийлэх, хүн амын дунд, ялангуяа залуучууд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, ЭМЯ болон АНУ-ын Энхтайвны корпусын хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Мөн манай улс дахь Энхтайвны корпусын эрүүл мэндийн хөтөлбөр нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад их хувь нэмэр оруулж байгаа тул энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх оноос хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, ялангуяа хүүхэд залуучуудад эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх, амьдрах ур чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой тул Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилго зорилттой нийцэж байгааг Дэд сайд Л.Бямбасүрэн онцлон хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )