Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЬЕ” долоо хоногийг 11 сарын 14-20-ны өдрүүдэд дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дарга, эм зүйн алба, эм хангамжийн байгууллага, МХЕГ төлөөлөгчид цуглан Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэнэ гэдгээ мэдэгдэж гарын үсэг зуран дурсгалын зураг авахууллаа.
Нянгийн эсрэг эм, түүний дотор антибиотикт нян тэсвэржих нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж байна. Статистикийн мэдээнээс үзэхэд дэлхийд жилд дунджаар 700000 хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараар нас барж байна.12 оронд ДЭМБ-аас 2015 онд хийсэн нянгийн тэсвэржилтийн нөхцөл байдлын судалгааг хийхэд судалгаанд хамрагдагсдын 64% нь ханиад томууны үед антибиотикийг хэрэглэсэн, 76% нь антибиотикийн тэсвэржилт хүний биеийн дархлаанаас хамаардаг гэж ойлгодог, 44% нь зөвхөн антибиотикийг байнга хэрэглэдэг хүнд тэсвэржилт үүсдэг гэсэн ташаа ойлголттой байсан байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар мeтициллинд тэсвэртэй алтлаг стафилококкийн халдвар авсан хүмүүс уг нянд тэсвэржилт үүсээгүй хүмүүстэй харьцуулахад нас барах магадлал нь 64 %-иар өндөр байна. Мөн антибиотикийн тэсвэржилтээс улбаалан зарим БЗХӨ эмгэг эмчлэгдэхгүй болох хандлага байна. Манай улсын хувьд хүн амын дунд антибиотикийн зохистой хэрэглээ, түүнийг буруу хэрэглэснээс гарах сөрөг нөлөөний талаарх мэдлэг хангалтгүйгээс антибиотикийг дур мэдэн замбараагүй хэрэглэх, эмийн сангаас эмчийн жоргүйгээр олгох,эмч антибиотикийг буруу сонгох зэрэг нь антибиотикийн тэсвэржилт үүсэх шалтгаан болдог.
Антибиотикийг зөв сонгох, зөвхөн эмчийн жороор олгох хариуцлагыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, хянах тогтолцоог сайжруулах, иргэдийн нянгийн тэсвэржилтийн сөрөг үр дагаврын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Антибиотикийг зөвхөн хүнд хэрэглээд зогсохгүй мал аж ахуй, гахай, тахиа, загасны аж ахуйд өргөнөөр хэрэглэх болсон нь эдгээр амьтдад хэрэглэсэн эмийн бодис бүрэн гадагшлаагүй байхад нь хүнсэнд хэрэглэснээс тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл үүсгэж байна.
Иймд эрүүл мэндийн болон хүнс, хөдөө аж ахуйн салбар хоорондоо нягт уялдаатай үйл ажиллаж, нянгийн тэсвэржилттэй тэмцэх нэгдсэн хөтөлбөр гарган хэрэгжүүлэх нь бидний эн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг юм. “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЬЕ” дэлхийн долоо хоногийн компанит ажлын хүрээнд ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд ДЭМБ-ын техникийн болон санхүүгийн тусламжтайгаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлага, антибиотикийг жороор бичиж, олгох хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн уриалга, сургалт,сурталчилгааг явуулах, эмнэлэгт эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, антибиотикийн зөв сонголт, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилго бүхий төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр, сургалтын цогц материал боловсруулж, ажлын байранд сургалт зохион байгуулах,орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан теле сургалт хийх, нийслэлийн дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн эмч нар болон эмийн санчдад антибиотикийг зөвхөн эмчийн жороор бичиж олгохыг уриалах, иргэдэд нянгийн тэсвэржилтийн хор уршгийн талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх зэрэг үйл ажиллагааг явуулахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
МАНАЙ ЭМНЭЛЭГҮҮД БУШУУХАН ЭМЧЛЭЭД ГАРГАХЫН ТУЛД ХАНИАДТАЙ ХҮҮХДИЙГ ХАТГАА БОЛОХ НЬ ГЭЭД ШУУД Л АНТИБИОТИКААР БӨМБӨГДӨӨД ЭМЧИЛЧХЛЭЭ ГЭЭД ХӨӨГӨӨД ГАРГАЧИХААД Л БОЛОО.ДАРАА НЬ ДИЙЛЭХЭЭ БОЛЬЧИХ САЙХАН ДАА.