А.Цогцэцэг: Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх чухал

2016 оны 11 сарын 26

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны газар, хэлтсийн дарга нар өнгөрсөн 4 дэх буюу 24-ний өдөр сэтгүүлчидтэй уулзалт хийж, цаашдын ажлын талаар санал солилцлоо. Сайд А.Цогцэцэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллах үеэрээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаас гадна “Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь чухал болохыг онцолж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг оролцоо хэрэгтэй байгааг онцоллоо. Иймээс улсын эмнэлгийн амбулаториудын гадна тухайн эрхтэн тогтолцооны ерөнхий мэдээлэл болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл бүхий самбаруудыг байршуулсан байна. 

Мөн тэрээр цааш хэлэхдээ, бид зөвхөн эмчилгээ, үйлчилгээнд анхаараад зогсохгүй салбарынхаа ажилчдын орон тоо, цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлээр ч анхааран ажиллаж байна. Мөн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

-    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-    “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай” хууль

-    “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийг тус тус Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн нь дэмжигдсэн.

-    Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээлгэхээр болсон.

-    Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-    Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль

-    Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хууль

-    “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр

-    Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын төслийг тус тус боловсруулан хэлэлцэж буйгаа сэтгүүлчдэд дуулгалаа.

Харин дэд сайд Л. Бямбаүрэн УНТЭ-т сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойших хугацаанд “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хийгдсэн гол ажлууд”-ын талаар танилцуулж, сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Тухайлбал, ард иргэд рүү чиглэсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор хийгдэж буй шинэлэг, ололт дэвшилттэй ажлууд болон тулгамдаж буй асуудал, цаашид иргэдийн эрүүл мэндийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх, сошиал ертөнцөд ард иргэдэд зориулсан эрүүл мэндийн мэдээ, мэдээллийг хэрхэн зөв хүргэх зэрэг сэдвүүдээр санал солилцов.  

Мөн энэ өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ЭХЭМҮТ-д ажиллаж, сэтгүүлчидтэй хамтдаа тус төвийн өргөтгөлийн үйл ажиллагаа болон нярайн эрчимт эмчилгээ, цусны эмгэг судлалын тасагтай танилцлаа. Харин төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах үед хийсвэр хагалгаа хийлгэн төрж, хорвоод шинэ хүн мэндлэх торгон мөчийг хамтдаа хуваалцсан юм. 

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үед хэлсэн үгэндээ, хүний эрүүл мэндэд бусад салбарын оролцоо онцгой ач холбогдолтой байдаг. Ялангуяа эрүүл аж төрөх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зөв мэдээллийг түгээх гүүр нь бол хэвлэл мэдээллийнхэн. Тийм учраас та бүхний оролцоо манай салбарт чухал гэдгийг онцоллоо. 

Ирсэн сэтгүүлчдийн хувьд ихэвчлэн эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл бэлтгэдэг бөгөөд салбарын хүмүүсээс ярилцлага, сурвалжилга авч байсан туршлагатай сэтгүүлчид байв. Тэдний зүгээс ийнхүү хүлээн авч уулзаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, цаашид байнгын холбоотой байж, шаардлагатай эх сурвалжийг олж өгч, туслан ажиллахыг хүссэн юм. Уулзалтын төгсгөлд нийт сэтгүүлчдийн дунд ЭМЯ-аас “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд”  сэдэвт уралдааныг зарлаж байгааг дуулгалаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмч(193.15.16.4) 2017 оны 06 сарын 06

Аав нь эрүүл мэндийн салбарын хүн гэсэн. Удмын хүн өөр юмаа.

0  |  0
иргэн(139.5.218.234) 2016 оны 11 сарын 27

>:D<

0  |  0
Иргэн(139.5.218.234) 2016 оны 11 сарын 27

Сайн байна ш дээ. Буудалд хооллолгүй ухаалаг байна бас их ажлууд хийжээ. Амжилт хүсье

0  |  0
Top