Залуучуудад БЗХӨ-ний эрсдлээс хэрхэн сэргийлэхийг таниулах нь

2016 оны 11 сарын 29

Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг байна. Тэднээс жилд 180 мянга  орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид суралцдаг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан, залуучуудын дунд хоол боловсруулах эрхтэн болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ. Иймд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл, хэв маягийг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нэн шаардлага тулгараад байгаа.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг улс орон даяар өрнүүлж эхэлжээ. Тус аянаар оюутан, залуучуудыг эрүүл мэнддээ анхаарах, БЗХӨ-ний эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх болон Эрүүл мэндийн даатгалд хамрагдсаны ач холбогдлыг таниулахад оршиж байгаа гэнэ.

Дашрамд дурдахад, манай улсын нийт оюутнуудын 45 хувь нь Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг бөгөөд тэд сар бүр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх буюу 1920 төгрөг төлдөг байна. Энэ нь жилд 23040 төгрөгөөр хоёр сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрддэг аж. Тиймээс оюутан залуучуудыг эрүүл мэнддээ маргаашнаас бус өнөөдрөөс анхаарахыг уриалж эхлээд байгаа юм байна.

Энэ хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны түүчээ болгож өчигдөр Монголын Үндэсний Их сургууль, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, “Их засаг” Их сургуулийн оюутан, залууст холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явуулжээ. Энэ үеэр тэдэнд хандаж эрүүл мэнддээ өнөөдрөөс анхаарахыг зөвлөөд  ” Чарльз Дарвины хэлснээр “Хүчтэй нь ялдаг” учир хүчтэй байхын тулд эрүүл байхыг уриалсан байна. Мөн энэ үеэр оюутнууд “БИ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ” challenge-д нэгдэж үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top