“Хүн амын хоол тэжээл” үндэсий хөтөлбөрийг танилцуулах уулзалт боллоо. Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн Газрын 447 дугаар тогтоолоор “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр батлагдсан. Хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон хоол тэжээл нь бие махбод, оюун санааны эрүүл, саруул байдлыг хангах гол хүчин зүйл гэдгийг хэн хүнгүй ойлгодог. Хоол тэжээлийн байдлыг сайжруулах нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд салбар хоорондын ажлын уялдаа холбоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлснээр үр дүнд хүрэх ажил юм. Монгол Улс хүн амынхаа хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан хоол тэжээлийн зорилтуудыг хангаж чадсан хэдий ч таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, хоол боловсруулах замын өвчлөл, бичил бодисын дутал, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдварууд нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал үүсгэсээр байна хэмээн онцоллоо.
Хоол тэжээлийн сөрөг үр дагавар нь хүний эрүүл мэндээр хэмжигддэг тул Засгийн газраас “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүргийг Эрүүл мэндийн яаманд даалгасан. Энэхүү хөтөлбөр нь хоол тэжээлийн эмзэг бүлэг болох эх, бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг дэмжих, хамтрагч талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар чанартай аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоог бүрдүүлэх, бусад оронд үр дүнтэй нь батлагдсан үйл ажиллагааг нутагшуулахад чиглэсэн. Мөн улсын төсөвт бага дарамт учруулах зорилгоор төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн, тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан байдлаар боловсруулсан гэдгээрээ онцлог юм.
Хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэнээр хүн амын хоол тэжээлийн дутлын үзүүлэлтүүд тогтвортой бага түвшинд байж, аминдэм, бичил бодисын дутал буурах болно. Эрүүл мэндийн ажилтны хоол тэжээлийн мэдлэг болон хооллолтын зөвлөгөө өгөх чадвар нэмэгдсэнээр эх, нялхас, бага насны хүүхдийн хооллолт сайжирна. Эрүүл мэндэд халтай хүнсний сурталчилгаа, худалдааны зохицуулалт хийгдэнэ. Хүнс ханган нийлүүлэх ложистик төвүүдтэй болсноор нийтийн хоол үйлчилгээнд чанартай хүнс нийлүүлэгдэж, хүнсний аюулгүй байдал алдагдах боломж буурна гэсэн төсөөлөл байна. Мөн үеэр хөдөө орон нутагт "Хүн амын хоол тэжээл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсон бол "Өрхийн хүнсний хэрэглээ" судалгааны дүнг танилцуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )