Амьсгалын замын халдварт өвчний асуудлаар эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзлаа

2016 оны 12 сарын 07

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй уулзаж Томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцлээ.

Энэхүү уулзалтад НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Т.Хулан “Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хүргэсэн бөгөөд өвчлөлийн нийт түвшин болон эмнэлгүүдийн ачаалал, энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа.

НЭМГ-аас зохион байгуулсан энэхүү уулзалтад Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс оролцож, харьяа эмнэлгүүдийн зүгээс авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн, энэ тал дээр хамтран ажиллах чиг үүрэг өглөө.

Амьсгалын замын халдварт өвчний тархалт 7,8 хувьтай, түргэн тусламжийн дуудлагын 40 хувийг эзэлж байгаа энэ үед эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул нийт 466 ор нэмэлтээр гаргажээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан “Тамифлю” эмийг 1000 хайрцаг захиалсан бөгөөд томуугийн вакцин 23 мянган хүн тунг 86 цэцэрлэгийн хүүхдүүдэд хийж эхэлсэн байна. Дахин ирэх вакцинаар хүүхдийн эмч, сувилагч нарыг дархлаажуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Хүүхдийн санд хүүхдийн өвчлөлтэй холбоотой амьсгал суулгалтын томуугийн эм, тариа захиалж, хүний нөөцийг /резидентуудыг/ нэмэгдүүлэхээр  ажиллаж байгаа аж.

Уулзалтын хүрээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулахад анхаарах, дотоодын хяналт шалгалтаа сайжруулах, ижил мэргэжилтний үзлэгийг нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хийх, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн хоол тэжээл, ХӨЦМ-ийн хэрэгжилтийн байдалд дэмжлэгт хяналт тавих, 0-5 насны хүүхдийн гэрийн эргэлтийг сайжруулах /хүүхдийг дуудлагаар болон эргэлтээр гэрээр үзэх/, эмнэлгүүдэд орны зохицуулалт хийх, ӨЭМТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах, дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллах зэрэг цаашид хийх ажлуудын талаар үүрэг даалгавар өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top