Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.12.07/ “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Салбарыг бүхэлд нь харсан урт хугацааны стратегийн баримт бичиг болох “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-ний хугацаа энэ оноор дуусч байгаа нь төрөөс эрүүл мэндийн талаар салбарыг бүхэлд нь хамруулсан бодлогын баримт бичиг боловсруулж баталгаажуулах зайлшгүй хэрэгцээг бий болгож байна” хэмээн онцлов. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт нар оролцож, үг хэлсэн.
Дараа нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр бодлогын төсөлд цаашид эрүүл мэндийн салбарт хийгдэх удирдлага,бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, тусламж, үйлчилгээний шинэ чиглэл, хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээний үнэлгээнд үндэслэсэн нэгдсэн төлөвлөлт бүхий эрүүл мэндийн тогтолцоог бий болгох асуудлыг тусгасан. Мөн тусламж, үйлчилгээний чиглэл бүхэн өөр хоорондоо харилцан уялдаатай хэрэгжих боломжийг авч үзлээ.Үүнд:
Нэг. Эрүүл мэндийн санхүүжилт, төлбөрийн механизмыг боловсронгуй болгон нийт төсвийн аргад шилжүүлэн тусламж үйлчилгээний хүртээмж чанартай нь холбосон санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн бие даасан байдалтай нягт уялдуулан хөгжүүлэх;
Хоёр. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд түлхүү чиглүүлэн хүн амыг өвчний эрт илрүүлэн эрт үед нь үр дүнтэй эмчлэн эдгэрүүлэх, төвлөрлийг сааруулж эмнэлгээс гарсны дараах тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах сэргээн засах, сувилах, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг өргөжүүлэх;
Гурав. Хүн амын хөгжлийн төлөв, хүн амын өвчлөл нас баралтын бүтэц, гэх мэт тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээнд үндэслэсэн бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлтийг хүний нөөцийн төлөвлөлттэй нягт уялдуулах;
Дөрөв. Технологийн дэвшлийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, хүн амын эрэлт хэрэгцээтэй уялдуулан нэвтрүүлж, Монгол хүн эх орондоо эмчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх болно.
Ийнхүү эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг цаашид шийдвэрлэх, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон 2006-2015 онд хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөний залгамж чанарыг хадгалах зорилгоор дараагийн 10 жилийн хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Бодлогын төсөлд цаашид эрүүл мэндийн салбарт хийгдэх удирдлага,бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, тусламж, үйлчилгээний шинэ чиглэл, хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээний үнэлгээнд үндэслэсэн нэгдсэн төлөвлөлт бүхий эрүүл мэндийн тогтолцоог бий болгох асуудлыг тусгасан гэдгийг илтгэлдээ онцлон хэллээ.
Мөн энэ үер УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Билэгт, Д.Ганболд, Д.Тогтохсүрэн, С.Жавхлан, Ё.Баатарбилэг нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлснээс гадна нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар зэрэг салбарын бүх талын төлөөллүүд үгээ хэлсэн юм.
Хэлэлцүүлгээс санал, зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийг үндэслэн “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг 2017-2026” гэсэн баримт бичиг боловсруулан гаргах юм.
Хэлэлцүүлгийг хааж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Та бүхний гаргасан санал зөвлөмжийн үр дүнд маш чамбай бодлогын баримт бичиг гаргах ёстой. Энэ үеэр санал илэрхийлж амжаагүй хүмүүс бичгээр санал өгч болно гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )