Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу ЭХЭМҮТ-ийн 8 эмч “Эх, ургийн анагаах ухаан судлал”-аар төрөлжсөн нарийн мэргэшлийг эзэмшиж, өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа.
Тус эмч нар тусгай хөтөлбөрийн дагуу 3 жилийн хугацаанд цахимаар болон ажлын байран дээрээ суралцсан бөгөөд сургалтын үр дүнд жирэмсэн үед ургийн оношилгоог олон улсын практик удирдамж, стандартын дагуу хийх чадвартай болж байгаа юм.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үеэр хэлэхдээ, ЭХЭМҮТ нь эх барихын чиглэлээр улс орны хэмжээнд үндэсний лавлагаат төв байх бүрэн чадавх бүхий боловсон хүчинтэй болж, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмнэл зүйн практик нэг шатаар дээшилж байгаад талархалтай байна гээд эмч нарт ажлын амжилт хүслээ.
Тэрээр цааш хэлэхдээ, Эх, нярайн эрүүл мэндийн тусламж нь аль ч улс орны тэргүүлэх чиглэл байж энэ үзүүлэлтээр нь тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог тул Монголын Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч гэсэн энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж энэ салбарын санхүүжилт, хүний нөөцийн асуудалд тодорхой арга хэмжээ тусгасныг дурдаад дээрх мэргэжилтнүүдийг сурсан мэргэжлээрээ цаашид олон эмчийг сургаж орон нутаг дахь оношилгоо, эмчилгээний түвшинг ахиулахад идэвхтэй оролцохыг уриалаад энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ЭМЯ, Засгийн газрын зүгээс бүхий л талаас дэмжиж ажиллана гэв.
Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ, АШУҮИС, ЭМХТ-ийн төлөөлөл, мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан Окландын Их сургуулийн Профессор Петер Стонь, НҮБ-ын ХАС–ийн мэргэжилтэн А.Илзиа нар оролцлоо.
НҮБ-ын Хүн амын сан нь 2007 оноос хойш Люксембургийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ochirbat gej khen be