НҮБ-ын Хүн амын сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд болон ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа 1,2 тэрбум (600,000 ам.доллар) төгрөгийн үнэ бүхий эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үзүүлэх тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ихээхэн анхаарч бололцоотой бүхий л арга хэмжээг авч, тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж байна. Ийнхүү ажиллахад НҮБ-ын Хүн амын сан ямагт бидний хамтран зүтгэгч байж, бүхий л талаар дэмжиж ирсэн. Энэ удаад манай эмнэлгүүдэд хүлээлгэн өгч буй эдгээр тоног төхөөрөмжүүд нь иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид ихээхэн ахиц гарна гэдгийг цохон хэллээ.
Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара Монгол Улсын эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах үйлсэд ЭМЯ-аас оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж цаашид бүх шатанд, тэр дундаа анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй сумын эмнэлгүүдэд үйлчилгээний чанарыг сайжруулж, эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд дэмжин ажиллах боломжтой гэв.
Люксенбургийн Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүү, техникийн туслалцаатайгаар ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийг өргөжүүлэх нь” үндэсний төслийн хүрээнд эдгээр тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн бөгөөд дагалдах сургалтуудыг үргэлжлүүлэн дөрвөн өдрийн турш зохион байгуулах юм.
Мөн төслийн хүрээнд эх, нярайн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, лавлагаат тусламжийн төвд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг хөгжүүлэх, үргүйдлийн орчин үеийн эмчилгээний лаборатори байгуулах зэрэг үйл ажиллагаанууд хэрэгжиж байгаа нь манай салбарын тулгамдсан асуудлуудад чухал дэмжлэг болж байгаа юм.
Ийнхүү өнөөдөр нэг эмнэлэгт 5-8 ширхэг буюу нийт 132 тооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Үүнд:
Ургийн зүрхний бичлэгийн аппарат – 21
Өвчтөний монитор – 21
Пульсоксиметр,нярай – 4
Нярайн суурин инкубатор – 2
Нярай фото эмчилгээний аппарат – 22
Автомат шахуурга, тариурын – 42
Нярайн амьсгалыг эерэг даралтаар дэмжих аппарат, хамраар - 13
Эмэгтэйчүүдийн хэвлийн дурангийн багажны ком – 4
Сургалтын зөөврийн муляж, хэрэгслүүд, багцаар – 1
Зайн оношилгоо, зайн сургалтын сүлжээний сервер - 1
Зайн сургалтын бичлэгийн аппарат, гэрэлтүүлэг, дуу хураагуур – 1
Харин эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх дөрвөн нэр төрлийн 1600 ширхэг эмнэлзүйн удирдамж, зөвлөмж бүхий материалыг мөн дагалдуулан өгсөн юм. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )