Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амны хаалт өглөө

2016 оны 12 сарын 22

Улаанбаатар хотын агаарын бохирдол 12, 1 дүгээр сард хамгийн өндөр түвшинд хүрч, амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэн, дээд цэгтээ хүрдэг. Энэ үед амьсгалын замын өвчнөөс сэргийлэх гол арга нь амны хаалт гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм.

“Оюутолгой” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 20 мянган ширхэг амны хаалтыг нийслэлд олголоо. Нийслэлийн эрүүл мэндийн газраас уг амны хаалтыг утаа ихтэй, гэр хорооллын Өрхийн эрүүл мэндийн 70 гаруй төвд тарааж өгч байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Мэнд Арвижих” ӨЭМТ, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Санколл” ӨЭМТ-д өглөө. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг амьсгалын замын өвчлөлд өртөхөөс сэргийлэхээс гадна тухайн хороонд амьдарч байгаа уушигны болон гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй, амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэлтэй бүлгийн иргэдэд өгөх юм байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Утаа буюу нарийн ширхэгт тоосонцроос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс хотын утаа ихэсдэг энэ үеэр өөрсдөө болон хүүхдүүддээ зориулалтын амны хаалт зүүлгэж хэвших хэрэгтэй байгаа юм.” гэлээ.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Санколл” ӨЭМТ-ийн дарга Б.Алтансувд хэлэхдээ “Манай хорооны хувьд амбулаториор үзүүлж байгаа иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл 6,2 хувьтай байна. Томуугаар өвчилж байгаа иргэд насны хувьд 0-5 насныхан түлхүү байгаа. Томуу үүсгэх гол шалтгаан болсон агаарын бохирдол, утаа нь агаарын доод хэсэгт илүү хуримтлагддаг учраас бага насны хүүхдүүд өвчлөлд өртөх нь их байгаа юм. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авахдаа амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших зайлшгүй шаардлагатай. Ингэвэл амьсгалын замын өвчлөл буурахад нөлөөлнө.” гэсэн юм.

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар энэ жил ханиад томуу өнгөрсөн жилээс их, ихэнхи тохиолдолд хүндэрч хатгаа болж байгааг анхаарууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top