О.Хэрлэн: Савны гадуурх жирэмслэлтийг дурангийн хагалгаагаар эмчлэх нь наалдацын гаралтай үргүйдлээс урьдчилан сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 02

Юнимед Интернейшнл эмнэлэг нь 2007 оноос хойш хэвлий болон аарцагны хөндий, умайн хөндийн дурангаар үргүйдлийн үндсэн хоёр хэлбэр болох наалдацын гаралтай үргүйдлийг оношилж, умайн хөндийн болон хэвлийн хөндийн бусад мэс заслуудыг олон улсын стандартын дагуу эмчилж байна. Энэ талаар тус эмнэлгийн дурангийн мэс заслын эмч  О.Хэрлэнтэй ярилцлаа.

-Манай улсад үргүйдэл хэр байна, үргүйдэл  гэж юу вэ?  

-12 сар болон түүнээс дээш хугацаанд жирэмснээс сэргийлэх арга хэрэглээгүй, тогтмол бэлгийн харьцаатай хосууд жирэмслэхгүй байхыг үргүйдэлтэй хос гэнэ.

Үргүйдлийг хүмүүс зөвхөн эмэгтэйчүүдтэй холбож ойлгоод байдаг.Үргүйдлийн шалтгааны тухайд?

 -Эрэгтэйн шалтгаантай 30%, эмэгтэй шалтгаантай 35%, хавсарсан 10%, шалтгаан тодорхойгүй 20%, бусад 5% -ийг тус тус эзэлдэг. Эмэгтэй үргүйдлийг дотор нь шалтгаанаар ангилвал: Наалдацын гаралтай 40%, дааврын шалтгаантай 35%, эндометриоз 20%, бусад 5% -ийг тус тус эзэлдэг.

-Үргүйдлийг хэрхэн зөв оношлох ёстой вэ?

-Оношлогоо, эрэгтэйд эр эсийн шинжилгээ /спермограмм/, эмэгтэйд бэлгийн болон бусад дааврын шинжилгээ /LH, FSH, Estradiol гэх мэт/ мөн умайн гуурсан хоолойд тодотгогч бодис шахаж үрийн хоолойн  зураг авах /гистеросальпингографи/. Дээрхи шинжилгээнд хамрагдсанаар үгүйдэлтэй хосыг үргүйдлийн анхан шатны оношыг тавьж эрэгтэй болон эмэгтэй үргүйдэл ялган оношлохоос гадна эмэгтэйн үргүйдлийн хувьд дааврын гаралтай үргүйдэл болон наалдацын гаралтай үргүйдлийн анхан шатны оношыг тавина. Зөвхөн эмэгтэйчүүдийн наалдацын гаралтай үргүйдлийг дурангийн хагалгаагаар оношлох, эмчлэх бус дааврын шалтгаантай үргүйдлийн ихэнхи хувийг эзэлдэг өндгөвчний олон уйланхайжих хам шинжийг дурангийн хагалгаагаар эмчлэх боломжтой. Өндгөвчний олон уйланхайжих хам шинж /СПКЯ/ эмийн эмчилгээнд үр дүнгүй тохиолдолд дурангийн хагалгааг эмийн эмчилгээтэй хавсран эмчлэн хүүхэдтэй болох боломжтой.

Өөрөөр хэлбэл манай орны хувьд эмэгтэйчүүдийн үргүйдлийн дотор наалдацын гаралтай үргүйдэл ихэнхи хувийг эзлэх бөгөөд түүнийг оношлогооны дурангаар оношлож, эмчлэх юм.

-Дурангийн хагалгаагаар наалдацын гаралтай үргүйдлийг эмчлэх боломжтой гэлээ. Дурангийн мэс ажилбарын талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Бусад төрлийн мэс заслыг хийх боломжтой юу?

-Манай эмнэлэг ХБНГУ-ын хэвлий болон умайн  хөндийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппаратыг эмчилгээ үйлчилгээндээ хэрэглэж, умайн гуурсан хоолойг сэтгүүрдэх, тэлэх, үрийн хоолойн захын битүүрлийг нээх зэрэг хагалгаа хийж байна.   Дэлхийд  шинэ ямар тоног төхөөрөмж гарч ирж байна, тэр бүхнийг манай эмнэлэг үйлчилгээндээ нэвтрүүлдэг. Дурангийн мэс заслаар зөвхөн үргүйдлийг оношлох эмчлэх бус эмэгтэйчүүдийн бүхий л төрлийн мэс заслын хийх боломжтой юм. Ажилбарын тухайд  хэвлийн хөндийг нээхгүйгээр маш бага хэмжээний зүслэгээр дурангын багажаа оруулан дэлгэцэн дээрх дүрсний тусламжтайгаар хагалгааг хийдэг.

-Том хэмжээний хавдрыг ч дурангийн хагалгаагаар хийх боломжтой гэж ойлгох уу?

-Тэгэлгүй яахав. Дөрвөн см-ээс дээш хэмжээтэй эдийг хэвлийн хөндийгөөс нэг см диаметр бүхий нүхээр гаргах боломжтой мэс заслын багажийг нэвтрүүлснээр ямар ч том хэмжээний хавдрын үед нээлттэй мэс засал хийх шаардлагагүй болсон  гэсэн үг л дээ.

-Үргүйдэлтэй хосууд маань олон жилээр онош нь тодорхойгүй үр дүнгүй эмчилгээ хийлгэж цаг хугацаа алддаг л даа?

-Тиймээ, хосууд энэ тал дээр маш их хугацаа алддаг. Тэгвэл манай оношлогооны  дурангийн хагалгаанд орсноор 95-с  дээш хувьд нь үргүйдлийг оношлоно. Ингэснээр мөн хагалгааны дараах оношноос шалтгаалан  хагалгааны дараа үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдах эсэхийг мөн тодорхойлно. Савны гадуурх жирэмслэлтийг дурангийн хагалгаагаар эмчлэх нь наалдацын гаралтай үргүйдэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

-Танай эмнэлэг хичнээн эмэгтэйд дурангийн хагалгаа хийсэн байна вэ?

-Манай хамт олон 3000 гаруй эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг амжилттай хийсэн байна. Бид нээлттэй хагалгаанаас аль болох татгалзах чиг хандлагыг баримталдаг. 2014 онд манай эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн мэс заслын тасагт  үргүйдэл оношоор хагалгаанд орсон нийт үйлчлүүлэгч нарт судалгааг хийсэн. Хагалгааны дараа өөрөөрөө жирэмсэн болсон тохиолдол 37,6% -г эзэлж байгаа олон улсын дундажтай дүйцэж байгаа юм.

-Дурангийн хагалгааны давуу талын тухайд?

-Сорвижилт үүсгэдэггүй, эдийн гэмтэл бага, хагалгааны дараах өвчин зовиур бага, хагалгааны дараа хэвлий, бага аарцгийн хөндийн наалдац үүсгэхгүй ингэснээр хоёрдогчоор наалдацын гаралтай үргүйдэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.  Мөн цус алдалт бага, эдгэрэлтийн хугацаа богино гээд олон олон давуу талтай.

Нээлттэй мэс засал хийлгээд хувь хүний онцлогоос шалтгаалаад багадаа л 20 хоног өвчин шаналгаатай явдаг бол дурангийн хагалгаа хийлгэсэн хүн 1-2 хоногийн дараа эмнэлгээс гарч өдөр тутмын ажлаа үргэлжлүүлэн ажиллаж ч болдог. Мөн бид дурангаар цөсний хүүдий авах, умай авах, умайн хоргүй хавдар, мухар олгой авах, савны гадуурх жирэмслэлтийг дурангийн хагалгаагаар эмчлэхмэс заслуудыг хийж байгаа.

-Умайн гадуурхи жирэмснийг дурангийн хагалгаагаар хэрхэн эмчлэх вэ. Умайн гадуурхи жирэмслэлт  гэж юу вэ?

-Энгийн үгээр умайн гадуурхи жирэмсэн нь үр хөврөл умайн хөндийгээс өөр газарт бэхлэгдэхийг хэлнэ. Үүнд: Умайн гуурсан хоолойд 96,7 хувь нь  хэвлийн хөндийд 0,3%, умайн хүзүү 1%, өндгөвчинд 2% байрладаг байна. Умайн гуурсан хоолойн байрлалаар нь ангилж үзвэл:  умайн гуурсан хоолойн умайн зааг уг хэсэг /Interstitial/ 2-3 хувь, умайн гуурсан хоолойн уг хэсгийн нарийсал /Isthmus/ 12-15 хувь, умайн гуурсан хоолойн өргөн хэсэг /Ampullary/ 70-72 хувь, фимбрио хэсэг /Fimbrial/ 11-13 хувь тус тохиолдоно. 

-Умайн гаднах жирэмслэлт үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс юу вэ?

-Умайн гаднах жирэмслэлт сексийн идэвхтэй харилцаанд байдаг нөхөн үржихүйн насны доорх эрсдэлт хүчин зүйлстэй эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог. Умайн гаднах жирэмслэлт үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс  гэвэл аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнөөр өмнө нь өвдөж байсан, бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж байсан, өмнө нь умайн гадуур жирэмслэж байсан умайн хөндийд жирэмслэлтээс хамгаалах ерөндөгтэй байсан, сексийн олон хавьтагчтай байх, үтрээний үрэвсэл, хэвлийн болон аарцгын хөндийн наалдац зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөлөөс үүсдэг.

-Умайн гаднах жирэмслэлтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг үү?

-Сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд жирэмсэн гарах, дотор муухайрах, огиулах, хөх хөндүүрлэх зэрэг жирэмсэн үеийн шинжүүд илэрч хэт авиа, цусанд β-hCG болон бусад шинжилгээгээр ихэвчлэн жирэмсний 6-7 дах долоо хоногт оношлогддог.  Хожуу үед нь жирэмсний шинжүүдээс гадна хэвлийн доод хэсгээр өвдөх, үтрээгээр хар хүрэн цус гарах, цус багадалтын шинж, ухаан алдах зэрэг зовиурууд илэрдэг. Умайн гаднах жирэмсний гол хүндрэл нь умайн гуурсан хоолойн задарч түүнээс дотуур цус алдаснаар өвчтөний амь насанд ноцтой аюул учруулж болно.

-Нэг өндгөвчөө авахуулсан эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд хүүхэдтэй болох боломж хэр өндөр вэ? 

-Өндгөн эсийн нөөцөө тодорхойлуулах хэрэгтэй. Анх төрөхдөө л тодорхой хэмжээний өндгөн эсүүд өндгөвчинд байдаг.

-Эцэст нь  эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд?

-Савны гадуурх жирэмслэлт сүүлийн жилүүдэд нилээдгүй тохиолдож байна. Та бүхэн нээлттэй хагалгаа хийлгэж өөрсдийгөө үргүйдэх эрсдэлд хүргэлгүй дурангийн хагалгааг сонгоорой. Нийт уншигчиддаа эрүүл энхийг хүсье.

 

Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанай(66.181.161.91) 2023 оны 12 сарын 29

Бй алтанай гэдэг бий хоёр удаа гадуур жирэмсээлт болсын

2  |  0
Top