Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран нийслэлийн хүн амын, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, MHI байгууллагын үүсгэн байгуулагч, Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт хийхээс гадна насанд хүрэгчид, өсвөр үе, хүүхдийн сүрьеэтэй тэмцэхэд чиглэсэн сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах, эрсдэлт бүлгийн хүүхдэд болон тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, сувилагч болон нийтийн үйлчилгээний ажилтнуудын дунд өвчний эрт илрүүлэг, үзлэгийг зохион байгуулах, сүрьеэгийн талаар сургалт сурталчилгааг хийж, өвчний эрсдлийг олон нийтэд таниулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Дашрамд дуулгахад МУГЖ, соёлын элч Д.Алтанхуяг “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр ажиллахаар болжээ.
ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд багтаж байгаа. Мөн шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байгаа бөгөөд өвчлөлийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод тохиолдож байгаа юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь олны сэтгэлийг ихээр түгшээх боллоо. 2016 оны арван нэгдүгээр сарын байдлаар шинэ тохиолдол 2,249 бүртгэгдсэнээс 10,000 хүн амд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 9-10 хувийг нь эзэлжээ.
Тус хөтөлбөрийг санаачилсан MHI байгууллага нь Улаанбаатар хотын 6-13 насны 9147 хүүхдэд сүрьеэгийн халдварыг цусанд тодорхойлох олон улсын стандарт IGRA шинжилгээг хийсэн байна. Судалгааны урьдчилсан дүнгээр нэг хүн сүрьеэгээр өвдөхөд түүний гэр бүлийн гишүүдийн халдвар авах эрсдэл дөрөв дахин, дам тамхидалттай орчинд амьдардаг хүүхдүүдийн сүрьеэ өвчнөөр өвдөх магадлал 40 хувиар тус, тус нэмэгддэг болох нь нотлогджээ. Сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол ядмаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ муу байгаатай холбоотойгоос гадна агаарын бохирдол, тоосжилт, хүнс тэжээл аминдэмийн дутагдал зэрэгтэй шууд холбоотой юм.
Тиймээс амьсгалж буй хэн бүхэнд хамаатай энэхүү өвчинтэй нэг байгууллага бус нийтээрээ идэвхитэй тэмцэх нь чухал болоод байна. Харвардын анагаах ухааны сургууль сүрьеэ өвчинтэй тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргаж, далд халдварыг илрүүлж эмчилснээр сүрьеэ өвчнийг “тэглэх” хөтөлбөрийг боловсруулан 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. MHI байгууллагын хувьд ч, энэхүү тэмцлийн хүрээнд Улаанбаатар хотод сүрьеэгийн халдварыг илрүүлдэг IGRA шинжилгээг нутагшуулахаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Сүүлийн 20 жил сүрьеэ өвчний талаар ДЭМБ, ОУБ-аас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг ТББ-ууд хувааж авснаар Монголчууд сүрьеэ өвчиндөө идэгдэж, хэдхэн хүн өвчнөөр дөрөөлөн баяжсан түүхийг Нийслэлийн шинэ дарга нар дэмжиж байгаад харамсаж байна. Энэ оронд ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй төр засаг хэзээ ирэх юм бэ??????????????? ЭМЯ, Цогцэцэг сайд анхааралдаа аваач ээ.