103 шугамаар дамжуулан 770 хүүхдэд үйлчилжээ

2017 оны 01 сарын 13

БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг өчигдрөөс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ.

Өмнө нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс СХД, ХУД, БЗД-ийн хүүхдийн түргэний дуудлагыг 103 шугамаар авдаг болсон юм. Цаашид бүх дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 шугамаар авдаг болохоор ажиллаж байна.

Түргэн тусламжийн 103 шугамаар дуудлага өгөхдөө дараах зөвлөмжийг анхаарахыг НЭМГ-аас зөвлөж байна.

  • Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руу шилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.
  • Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлс хийнэ үү.
  • Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд  70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top