Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулав.
Бодлогын баримт бичиг нь эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хугацааны хөгжлийн ерөнхий зураглал, төлвийг тусгасан бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх гол зорилго нь хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчээ дагасан зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан дундаж наслалтыг уртасгахад орших юм.
Бодлогыг салбарын үндсэн 8 чиглэл болох нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн технологи, эм зүйн тусламж үйлчилгээ, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт чиглэлээр боловсруулж чиглэл бүрт цаашид зайлшгүй хэрэгжүүлж, хэвшүүлбэл зохих бодлогын зорилтуудыг тодорхойлсон болно.
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны дийлэнх хувийг харьцангуй сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна.
Энэхүү чиглэл бүхэлдээ хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл амьдрах дадал, хэвшил хандлагыг төлөвшүүлэх, үүнд бусад салбар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн хүний өөрийн нь оролцоог чухалчлан авч үзсэн.
Зорилтыг хэрэгжүүлэхэд бусад салбар аливаа бодлого боловсруулан хэрэгжүүлэхдээ эрүүл мэндийн асуудлыг заавал тусган хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын хувьд ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагааг хэвшүүлэх, эрүүл ажлын байрыг бий болгоход ажил олгогч нарын оролцоог нэмэгдүүлж, тэднийг идэвхжүүлэх, иргэн хүний хувьд өөрийн эрүүл мэндэд тавих анхаарал, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг багтаасан болно. Мөн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх замаар тэдний хүчин чармайлтыг дайчлах зорилтыг мөн дэвшүүлсэн.
Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт, хэрэгцээг тогтмол тооцож түүнд нийцүүлэн тусламж, үйлчилгээг төлөвлөх механизм бүрдээгүй байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах, мөн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах асуудлыг эн тэргүүнд авч үзсэн.
Ялангуяа эмнэлгийн тусламж, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулахдаа хүн амын нягтрал, газар зүйн байршил, хүн амын өвчлөл, ядуурлын түвшин, шилжилт хөдөлгөөн, хүн амын тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээтэй уялдуулах, өнөө үед тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа сэргээн засах, хөнгөвчлөх, сувилахуйн тусламж, үйлчилгээг төрөлжүүлэн өргөнөөр бий болгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн тогтолцоог гүйцэтгэлтэй нь уялдуулсан чанарын удирдлагын тогтолцоотой хослуулан хөгжүүлэх, өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт үзүүлэх тусламж, үйлчилгээний багцыг өргөжүүлэх уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг тусламж, үйлчилгээний анхан болон лавлагаа шатлалд орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх, экспортлох гарцыг дэмжин, “брэнд” болгох зорилтыг тус тус дэвшүүлэн тавьсан болно. Мөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, мэргэжлийн нийгэмлэг, холбоодыг тухайн мэргэжлээрээ тусламж, үйлчилгээний хөгжлийг тодорхойлогч нь байж, улсын хэмжээний лавлагаа, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийж, эмнэлгийн мэргэжилтэнг сургах, бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, зохицуулах чадавхтай болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүллээ.
Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан хөдөлмөрийн үнэлэмж байхгүй байна.
Эрүүл мэндийн салбарын ажилтанг бэлтгэхдээ хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, салбарын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан бэлтгэх, дан ганц эмнэлгийн мэргэжилтэн төдийгүй эрүүл мэндийн бусад ажилтнуудыг бэлтгэх тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах, тэдний хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, гүйцэтгэлд суурилсан хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн.
Эрүүл мэндийн нийт зардалд иргэний шууд төлөх төлбөр тасралтгүй өсч иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орох, ядууралд өртөхөд хүргэж байна.
Эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлэн олон улсын жишигт хүргэх, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн өнөөгийн механизмыг эрс шинэчилж тэднийг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжүүлэх, санхүүжилтийг тусламж үйлчилгээний чанар, үр дүнд суурилан олгох өөрөөр хэлбэл эрүүл мэндийн чанартай тусламжийг үйлчилгээ үзүүлэгчээс худалдан авдаг үр дүн, үр ашиг бүхий эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэд бүрэн шилжих зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь тусламж үйлчилгээний санхүүжилт нь байгууллага болон үйлчилгээгээ бус үйлчлүүлэгчээ дагасан хэлбэрт бүрэн шилжүүлнэ гэсэн үг юм.
Эрүүл мэндийн санхүүжилт нь эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдалтай салшгүй холбоотой байх болно.
Салбарын хэмжээнд эрүүл мэндийн технологийн төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоо байхгүй байна.
Орчин үеийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэхдээ хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, эрүүл мэндийн технологийн үнэлгээнд үндэслэн хөгжүүлэх, нутагшуулах эрүүл мэндийн технологийн төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бий болгохыг чухалчлан авч үзсэн. Үүний тулд эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэр байгуулах, ноу-хау зэрэг хэлбэрээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавилаа. Мөн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, судалгааны ажлын үр дүнг практикт өргөнөөр нэвтрүүлэх зорилтыг дэвшүүллээ.
Зах зээл дэх хууль бус эм их, үндэсний эмийн үйлдвэрүүд эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаагүй, эм зах зээлд нэвтэрсний дараах тандалт судалгаа хийгддэггүй, эм биобэлдмэл, вакцины чанарыг бүрэн шинжлэх чадавх байхгүй байна.
Эм зүйн салбарын ил тод хариуцлагатай байдлыг бэхжүүлэх зорилгоор эмийн зохицуулалтын нэгдсэн байгууллагыг байгуулах, дотоодын эмийн үйлдвэрийн чанар аюулгүй байдлын баталгааг бүрэн хангах зорилгоор эмийн аюулгүй байдлын цахим тогтолцоог нэвтрүүлэх, импортыг орлох эмийн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэх зорилтыг тус тус тусгаад байна.
Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа удаашралтай, эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг чадвар хангалтгүй байна.
Салбарын мэдээллийн технологийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах мэдээлэл технологийн төвийг бий болгох, зайлшгүй шаардлагатай мэдээллийн технологийн олон улсын стандартыг өөрийн орны онцлогтой уялдуулан нутагшуулж мөрдүүлэх, телемедицин, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилтыг дэвшүүллээ.
8.Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдал
Төрийн өмчит эмнэлэгт улс төрөөс хараат бус, бие даасан, хамтын удирдлагатай эмнэлгийн хагас бие даасан засаглалыг бий болгох, бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахад иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтыг чухалчлан авч үзсэн.
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарт зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах болно.
Өнөөг хүртэл салбарын хэмжээнд мастер төлөвлөгөө, үндэсний хөтөлбөр, стратеги, дэд хөтөлбөр гэх мэт 30 орчим баримт бичиг боловсрогдон хэрэгжиж байсан хэдий ч дийлэнх баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа 2015-2016 онд дууссан, үлдсэн баримт бичгүүдийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай уялдуулан шинэчлэн боловсруулах хэрэгцээ шаардлага урган гарч байгаа юм. Тухайлбал, салбарын хөгжлийн бодлогын гол баримт бичиг болох Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого гэх мэт баримт бичгүүдийн хэрэгжилтийн хугацаа мөн 2015-2016 онд дуусгавар болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )