Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж маш олон хүн эмийн дасалтай болдог. Үүнтэй холбогдуулан антибиотикийн талаарх ерөнхий ойлголтыг та бүхэндээ хүргэж байна.
Антибиотик нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй.
Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой. Жороор хэрэглэх нь таны өвчин түргэн эдгэрэхэд хэрэг болох юм. Хэрэв антибиотикийг буруу хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй болгодог бөгөөд өвчин архагшидаг ажээ.
Харин тунг хэтрүүлэн хэрэглэвэл зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
Мөн заасан хугацааны туршид гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог ажээ.
Антибиотикийн дасал гэж юу вэ
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.
Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:
-Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх
-Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэх
-Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх
-Ихэнхи антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх
Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл:
Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй. Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглээрэй.
Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглэх ёстой. Учир нь тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг.
Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, болон харшлын ямар нэг шинж илэрвэл, хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдээрэй. Мөн хүүхдийн гар хүрэхээргүй газарт, эмийн хайрцаг дээр заасан нөхцөлд хадгалахаас гадна хугацаа нь дууссан антибиотикийг огт хэрэглэж болохгүй.
О.Анир
Эх сурвалж: "Хүүхдийн эрүүл мэндийн зууч" пэйж
Сэтгэгдэл ( 0 )