Эпилепситэй өвчтөний 69 хувь нь ажлаасаа ХАЛАГДСАН байдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 20

Эпилепси буюу унаж татах өвчтэй хүмүүс бидний дунд чимээгүйхэн амьдарсаар Өнөөдөр хаа нэгтээ хэвтэж буй хүнийг “согтуу хүн” гэж эндүүрэх нь элбэг болж. Гэвч Эпилепси /унаж татах/ өвчтэй хүн хэзээ ч, хаана ч унасан байж болно. 

Монголын Неврологийн Нийгэмлэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх эхийн холбоотой хамтран гурав дахь жилдээ Олон улсын Эпилепсийн өдрийг тэмдэглэх гэж байна.

Үүний хүрээнд олон нийтэд Эпилепси өвчний тухай зөв мэдээлллийг түгээж, өвчтөний нийгмийн хөгжил, хамгааллын асуудлыг хөнддөг. Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн хүн амын нэг хувийг эзэлдэг байна. 

Энэ талаар Монголын Неврологийн Нийгэмлэг"-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Өнө-Энх мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяа хэлэхдээ "Дэлхийн хүн амын  таван хувь нь амьдралдаа таталт өгсөн байдаг. Таталт өгсөн хүн болгон эпилепси өвчинтэй гэж ойлгож болохгүй.  Дэлхий дээр энэ төрлийн өвчинтэй  65 сая орчим хүн амьдарч байна. Хөгжиж байгаа орнуудын хүн амын 60-85 хувь нь таталтын эсрэг эм ууж байгаа мөртлөө таталт бүрэн зогсдоггүй. Нийт өвчтөний гуравны нэг нь эмэнд тэсвэртэй эпилепси байдаг. Эпилепси өвчин насны хувьд 70-80 хувь нь 20 наснаас доош хүн амыг хамардаг гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд 20-35 насанд гэмтлээс үүдсэн шалтгаан. Тухайлбал, зам тээврийн осол, хурдан морины хүүхдүүд малгайгүй явснаас тархиндаа гэмтэл авах, хөдөөний хүмүүс хамгаалалтгүй мотоцикль унаснаас болж гэмтэл авч эпилепси өвчинтэй болох шалтгаан болдог. Харин 35-50 нас хүртэл тархины янз бүрийн голомтот өөрчлөлт байж болно. 60-аас дээш насанд тухайн хүний даралт ихсэх, тархины судасны цусан хангамжийн өөрчлөлтөөс болоод унаж татах өвчтэй болдог.

Эпилепси өвчинтэй хүмүүсийн нийгмийн амьдрал маш хаагдмал байдаг. Ийм хүмүүсийг таталттай л бол ажил хийж чадахгүй, группт гарах ёстой гэсэн  буруу хандлагаар ханддаг. 69 хувь нь ажлаас халагдсан байдаг. Мөн уг өвчнөөр хүүхэд өвчилсөн байлаа гэхэд үе тэнгийн хүүхдүүдтэй нь найзалж нөхөрлүүлэхийг хүртэл эцэг эхчүүд нь хориглодог зэрэг буруу хандлага нийгэмд түгээмэл байна. 

  Тийм учраас эпилепси өвчинтэй хүмүүсийг зөв ойлгодог байх нь чухал юм. Учир нь эпилепситэй өвчтөний сэтгэл засал, өөртөө итгэх итгэл зэрэг нь  эдгэрэлтэд нөлөөлдөг. Энэ төрлийн өвчинтэй хүн ганцаараа бүхнийг дийлэхгүй, эпилепситэй өвчтөний тусламж үйлчилгээг сайжруулахын тулд хамт олон, гэр бүл, нийгэм тэдэнд туслахгүй бол буруу хандлага, үзэл баримтлал, гажуудал бий болчихоод байна. Үүнтэй тэмцэхэд хүн болгон үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эпилепси нь хүйс, арьс өнгөний ялгаа, хүний боловсролын  түвшин, газар орон нутгаас үл хамааран өвчилдөг" гэв. 

 

 

Дээрх өдрийг угтан тус нийгэмлэгээс хүүхэд залууст мэдээлэл түгээх улмаар гадуурхлаас сэргийлэх зорилгоор БГД-ийн бүх сургуулиас төлөөлөл сурагчид оролцуулан уулзалт зохион байгуулахаас гадна тэдний сурч хөгжих, ажил эрхлэх боломжийг бүрдүүлэх олон нийтийн болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад чиглэгдэх аж.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top