НЭМГ-ын харьяа байгууллагууд гамшгийн аюулаас сэргийлэх, дадлага сургууль хийлээ

2017 оны 03 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Журам батлах тухай” 339, 340, 2017 оны “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоол,Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Гамшгаас хамгаалах сургалт, үзлэгийн төлөвлөгөө батлах тухай” А/11 дүгээр захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа байгуулагууд 2017 оны 03 дугаар сарын 22-23-нд гамшгийн аюулаас сэргийлэх, эрсдлийг бууруулах, аюулгүй байрлалд шилжин байрлах дадлага сургууль зохион байгуулж, нийт 1300 гаруй эмч, ажилтан хамрагдлаа.

Дадлага, сургуулийн хүрээнд харьяа байгууллагууд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах сургалт, аюулгүй байрлалд шилжих дадлага сургуулийг дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулснаас гадна Нийслэлийн түргэн тусламжийн төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн идэвхи санаачлага, зохион байгуулалт сайтай оролцлоо.

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн хамт олон амжилттай оролцож, газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсэдийг эрэмбэлэн ангилах, эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, хээрийн эмнэлэг дэлгэх, үерийн болон боом өвчний үед эмнэлгийн тусламжийн хэрхэн зохион байгуулах талаар дадлага, үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд М.Чимгээ даргатай Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь дүүргийн гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгжүүдээс хошуучлан амжилттай оролцож, дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top