“Аюулгүй хүнс” сургалтыг УБТЗ-тай хамтран зохион байгуулав

2017 оны 04 сарын 07

МХЕГ-аас “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд төмөр замын өртөөнүүдэд хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг  УБТЗ-тай хамтран зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд өгөх, зөвлөн туслах, эрсдэлээс урьчилан сэргийлэхэд чиглэж буй. Энэ хүрээнд “Хүнсний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчин”, “Хүнсний тухай хуулиудыг дагаж гарсан дүрэм журам”, “Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахад тавигдах шаардлага”, “Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”, “Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим”, “Органик хүнсний тухай хууль” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлээ. Мөн худалдаа үйлчилгээний байгууллага хэрхэн дотоод хяналтаа сайжруулах вэ, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн зохистой дадлыг яаж нэвтрүүлэх тухай зөвлөмжийг өгч, “Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл”-ийн талаар танилцуулав.

Хяналт шалгалтын явцад гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдах зөрчил их байгааг улсын байцаагчид онцолсон. Тиймээс хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарч, хууль, дүрэм зөвлөмжийг мөрдөж ажиллахыг сануулсан юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top