Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Асан" анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн бямба гаригт амжилттай /2017.04.22/ хийсэн билээ.
Л.Бүжинлхам охины биеийн байдал хүндэвтэр байсан тул хоёр улсын эмч нар хамтран ажилласан юм. Хагалгааны багт нийт 68 хүн багтаж 15 орчим цаг үргэлжилж амжилттай явагдав. Энэхүү хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа аж.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг элэг шилжүүлэн суулгасан багийнханд баяр хүргэж цаашид хамтарч ажиллах талаар БНСУ-ын Асан төвийн эмч нартай харилцан санал солилцжээ. Тэрээр энэ тухай "Солонгосын эмч нар маань Монгол хүнд туслах гэсэн сэтгэлээр л ирдэг. Тэд ямар ч цалингүй 26 хүнд манай багтай хамтарч элэг шилжүүлэн суулгажээ. Цаашид ч эрсдэл ихтэй хагалгаанд хамтарч оролцохоо профессорын багийн ахлагч доктор Moon Deok-Bok, эмч Jung Dong-Hwan, Kang Woo-Hyun; анестезиолог Jun In-Gu нар илэрхийллээ. Одоо бидэнд хагалгааны дараахь, үе шаттай явагддаг эмчилгээ,эрсдэлээс сэргийлэх их том хариуцлага бий" гэлээ.
Түүнчлэн Солонгос эмч нарыг ЭМЯ- ны хүндэт тэмдгээр шагнасан байна.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 3 )
Saixan medee bna
amjilt khusie
Алтан гартай эмч нартаа баярлалаа, Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе Манай эмч нар ухаалаг хүнлэг дээр нь өндөр ур чадвартай, Эмч нарын хийсэн сайн үйлийг тоочоод барахгүй, Баярлалаа, Бидэнд амьдрал бэлэглэгч нартаа