Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо/МШМХ/ -ны ерөнхийлөгч Б.Амарсайхан нар өнөөдөр нийслэлийн хүн амд үзүүлэх нүүр амны салбарын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд хүрээнд НЭМГ болон МШМХ-ноос:
- НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет болон тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлэг, нүүр ам судлалын чиглэлээр тусламж, үйлчилгээг үзүүлж буй байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх,
- Нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах,
- Нүүр ам судлалын салбарт нүүр амны эрүүл ахуйчийн хэрэгцээг тооцоолон гаргаж, тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах,
- Нүүр, ам судлалын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагч, техникч нарыг туршлага судлуулан, чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар “Сүүлийн үед бага насны хүүхдийн шүдний өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан эцэг, эхчүүдэд зориулсан урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Шүдний өвчлөлийг бууруулснаар цаашид учрах олон төрлийн эрсдлийг багасгаж, эрүүл амьдралын зөв дадалтай болох юм. Тиймээс бид энэ ажлын хүрээнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, хамтран ажиллах уриалга гаргасан байгаа” хэмээн ярилаа.
МШМХ-ны ерөнхийлөгч Б.Амарсайхан “Шүдний өвчлөлийг бууруулж, олон төрлийн эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд манай эмч, мэргэжилтнүүдийн оролцоо яах аргагүй чухал. “Нэг эмнэлэг-нэг сургууль “ хөдөлгөөн өрнүүлэн орчин үеийн шаардлагад нийцүүлэн ажиллахаар шүдний эмч, мэргэжилтнүүдийг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, эмзэг бүлгийн хүмүүст чиглэсэн үйл ажиллагаанд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон юм.
Сэтгэгдэл ( 0 )