Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын асуудлаар зөвлөлдлөө

2017 оны 05 сарын 05

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах томоохон зорилтууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. 

“Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-аас урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын оролцоог сайжруулъя” зөвлөлдөх уулзалтыгНийслэлийн Засаг даргын тамгын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтарч 2017 оны тавдугаар сарын 03, 04-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн удирдлага, эмч, мэргэжилтэн, нийт дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, Нийгмийн хөгжлийн, Хөдөлмөр, халамж үйлчилгээний, Цагдаа, Хүнс, худалдаа үйлчилгээ, Боловсролын хэлтсийн дарга нар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Эрүүл мэндийн төвийн дарга, орлогчоос бүрдсэн нийт 114 хүн оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд сүрьеэ, БЗДХ сүүлийн жилүүдэд тууштай буурахгүй, нэмэгдэх хандлагатай байна. Эдгээр халдвартай тэмцэх нь ганц эрүүл мэндийн салбарын ажил биш бөгөөд үүнд бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай билээ. Иймээс дүүргийн удирдах ажилтан, шийдвэр гаргагч нарт сүрьеэ, БЗДХ-ын талаар мэдээлэл өгөх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж, хамтарсан зөвлөмжийг гаргах, түүний дагуу дүүрэг тус бүр төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь уулзалтын гол зорилго, үр дүн юм.

Уулзалтын үр дүнд нийт оролцогчид сүрьеэ, БЗДХ нь эрүүл мэндийн төдийгүй, нийгмийн өмнө тулгамдсан томоохон асуудал болсныг хүлээн зөвшөөрч, цаашид нийслэл, дүүргийн түвшинд эдгээр халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, оношилж, эмчлэхэд хамтран, дүүргийн түвшинд тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллахаар зөвшилцлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top