Уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн олон газарт аагим халууны үргэлжлэх хугацаа уртасч, агаарын хэм улам өндөр болж байна. Энэ оны зургаа, долоодугаар сар дэлхий дээр урьд өмнө хэмжигдэж байгаагүй их халуун зун болж байна гэж эрдэмтэд мэдэгдэж байна. Дулааны энэ халуун долгион, хэт халалттай холбоотойгоор хүн амын дундах эрүүл мэндийн эрсдэлтэй байдлуудыг улам нэмэгдүүлж байна.
Хүний бие хэт халалтаас болж хамгийн турүүнд толгой эргэх, толгой өвдөх шинжүүд илэрдэг. Сэрүүн газарт байлгах болон бусад биеийн үйл ажиллагаанд шаардлагатай шингэнийг нөхөж өгөх зэргээр үүнийг эмчилж болно. Харин хэт халсны улмаас үүссэн тархины харвалт хэмээн нэрлэгдэж буй байдал үүсэх нь илүү хүнд ба эрүүл мэндийн хувьд яаралтай тусламж шаардагдаж амь насанд ч аюул учруулж болзошгүй юм. Хэт халалтын үед дэх тархины харвалтын шинж тэмдэг биеийн хэм 103 F буюу 39.4 C -ээс дээш болоход арьс их хуурайшиж, ухаан балартах байдлаар илэрнэ.
1995 оны зун Чикаго хот дулааны хэт халалтаас болж ойролцоогоор 692 хүн амь насаа алдаж, яаралтай тусламжийн өрөөнд 3300 гаруй хүн эмчлүүлсэн байдаг. Эдгээр өвчтөнүүдэд ажиглалт судалгаа хийж , 28 хувь нь хүнд хэлбэрийн хэт халалтын улмаас үүссэн тархины харвалт ( манайхны хэллэгээр наранд цохиулах гэдэг ойлголттой ойролцоо утгатай, гэхдээ зөвхөн нарны гэрэлд байснаас биш, бие хэт халснаас үүснэ) гэж оношлогдон эмнэлэгт хэвтэж байгаад нэг жилийн дотор нас барсан ба үлдсэн өвчтөний ихэнх нь бие даасан үйл ажиллагааны байнгын алдагдалтай болж үлдсэн тухай 1998 оны дотрын өвчин судлалын сэтгүүлд мэдээлсэн байдаг.
ХЭТ ХАЛУУН ХҮНИЙ БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Хэт халалт үүсэхэд бидний бие өөрөө зохицуулалт хийж хөргөхийн тулд нийт арьсны дагуух цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Удаан хугацаагаар бие халахад арьс руу ихэнхи цус шилжсэний улмаас булчин цусаар дутагдаж, тэдгээр цусаар дутагдаж байгаа хэсгүүдийг илүү хангахын тулд зурхний цус шахах ажиллагааг нэмэгдүүлснээр зүрхний цохилт түргэсгэдэг. Арьсны цусан хангамж нэмэгдсэний дүнд хөлс ихээр ялгарч биеийг хөргөж эхэлдэг байна. Харин агаарын чийгшил өндөр нөхцөлд ялгарсан хөлс хатаж чадахгүй тул биеийн хэм буурч чадахгүйд хүрч , энэ нь биеийн дотоод хэмийг улам нэмэгдэхэд хүргэдэг.
ХАЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ӨВЧЛӨЛТ
Хэвийн нөхцөлд таны арьс, цусны судас болон хөлс ялгаруулатын түвшингээр халууныг тохируулж байдаг. Гэвч бидний байгалийн энэ хөргөлтийн систем хэт их халуунд , хэт их чийгшилтэй үед, хангалттай шингэн ууж чадаагүй үед ажиллах чадвараа алддаг.
Ингэснээр хэт халалттай холбоотой өвчин үүснэ. Энэ өвчин нь ганц нэгэн хөнгөн шинжээс эхлээд дунд зэргийн, бүр эмчлэгдэх боломжгүй байдлаар илэрнэ. Үүнд :
1) Хэт халалтын улмаас үүсэх булчин таталт
Булчин агшиж чангаран зангирна. Зангирсан булчин дээр гар хүрэхэд овойж товойж мэдрэгдэнэ.Энэ үед биеийн дулааны хэм хэвийн байж болно.
2) Хэт халалт ба дасгал хийсэнтэй холбоотой муужран унах
Дасгал их хийсний дараа биеийн дулааны хэм өндөршсөнтэй холбоотой гардаг шинж тэмдэг. Уралдаан тэмцээний дараа тамирчдад ихэвчлэн тохиолдоно.
3) Халуунд цохиулах
Биеийн дулааны хэм 104 F (40 C) хүрэхэд мөн дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, бие сулрах, биений хүйтэн хөлс гарах шинж гарна. Энэ үед эмчлэхгүй орхивол халууны улмаас тархины харвалт болно.
4) Халууны тархины харвалт
Хэт халууны тархины харвалт нь биеийн дулааны хэм 104-аас дээш F (40 C) үед тохиолддог амь насанд аюултай онцгой нөхцөл байдал юм. Арьс халуун байж болох ч таны бие өөрийгөө хөргөхөд туслаж чадахгүй хөлрөхгүй болно. Гэхдээ халууны тархины харвалт нь хэт халуун, чийглэг цаг агаартай нөхцөлд, мөн дасгал хийж байгаа үед тохиолддог. Энэ үед ухаан санаа балартаж,зүрхний хэмнэл алдагдаж,толгой эргэн,харааны өөрчлөлт болж бүх бие сулрана. Эмнэлгийн тусламж энэ үед яаралтай шаардлагатай бөгөөд ингэснээр тархины эргэлтгүй өөрчлөлт болон бусад эрхтний гэмтлээс сэргийлж чадна.
Доорх шинжүүд илрэх үед анхаарлаа хандуулаарай.
1) Булчингийн зангирал
2) Дотор муухай оргиж бөөлжих
3) Бие сулрах
4) Ядрах
5) Толгой өвдөх
6) Гэнэт ихээр хөлрөх
7) Цочромтгой болох
8) Ухаан санаа самуурах
9) Толгой эргэж, тэнцвэр алдах
10 ) Даралт багасах
11) Зүрхний цохилт олширч, зүрх дэлсэх
12) Харааны өөрчлөлт орох
Дээрх шинжүүд илрэхэд за гайгүй биз гэсэн үл тоомсорлох байдал гаргаж болохгүй бөгөөд дор бүрд нь арга хэмжээ авч байхгүй бол дараагийн хүндрэл үргэлжлэн илрэх болно.
Энэ үед нартай газраас холдож сүүдэр бараадан хувцсаа аль болох нимгэлж тайлбал сайн.
Аль болох сэрүүн газар очиж боломжтой бол хүйтэн шүршүүрт орох, хүйтэн усаар шүрших хэрэгтэй. Мөн хүзүү толгой , гар дээрээ хүйтэн усаар, мөсөөр жин тавьж орооход болно. Хүйтэн усанд сууж болно. Шингэн сайн уух хэрэгтэй.
Ингээд 30 минут болоод дээрх шинжүүд арилахгүй бол эмчид яаралтай үзүүлнэ. Шингэн сайн уух хэрэгтэй.
ЯМАР ХҮН ХАЛУУНЫ ХАРВАЛТ БОЛОХ ВЭ?
Хэн ч өртөж болно. Гэхдээ зарим хүчин зүйлүүд халууны харвалт болоход илүү нөлөөлдөг. Үүнд:
1) Нас
Бага насны хүүхдүүд болон 65 -аас дээш настангууд халалтанд илүү амархан өртдөг. Бага насны хүүхдийн мэдрэлийн систем бүрэн хөгжиж дуусаагүй байх ба гадны нөлөөнд амархан өртөмтгий байдаг бол настай хүний биеэ хамгаалах -хөргөх ситем харьцангуй суларсан байдаг байна. Энэ 2 бүлгийн хүмүүс маш амархан шингэний дутагдалд ордог тул халууны тархины харвалт болох өндөр боломжтой юм.
2) Халуунд гадаа удаан байх
Цэргийн сургууль хийх, хөл бөмбөг тоглох, дээвэр дээр ажиллах, замын ажил хийх зэргээр халуунд удаан байх нь халууны харвалт үүсэхэд нөлөөлнө.
3) Гэнэт халуунд цохиулах
Халуун газар аялалаар удаан явснаас гэнэт биеийн дулааны хэм нэмэгдэж болох тул халуунд ингэж цохиулсан үед сэрүүн газар орж хэд хоногтоо хүлээх хэрэгтэй болно. Ингэснээр хэдий хүлээсэн ч гэсэн халууны тархины харвалт болох урьдчилсан нөхцөл бүрдсэн гэсэн үг бөгөөд дахин халуунд явахаас болгоомжлох хэрэгтэй. Энэ үед хэдэн хоногтоо биеийн дотоод дулааны хэм өндөр байсаар байдаг.
4) Агааржуулалгүй орчинд байх
Агаар үлээгч сэнс хэдийгээр хэрэгтэй боловч хэт халуунд ямарч үр дүнгүй байдаг. Тиймээс хүйтэн агааржуулалтай орчинд аль болох байх хэрэгтэй.
5) Зарим эмүүд ялангуяа даралт буулгах эмүүд, шээс хөөх эмүүд, сэтгэцийн нөлөөт эмүүд шингэний дутагдалд амархан оруулдаг тул халууны харвалтанд өртөхөд бас нөлөөлдөг.
6) Эрүүл мэндийн зарим нөхцөлт байдлууд жишээ нь уушиг, зүрх судасны өвчтэй, урьд нь халууны харвалтанд өртөж байсан хүмүүс мөн амархан өртдөг.
ХАЛУУНЫ ХАРВАЛТАНД ӨРТСӨНИЙГ ОНОШЛОХ
1) Цусны шинжилгээ хийж цусанд натри, калийн дутагдал, мөн зарим цусан дахь элементүүдийг шалгаснаар мэдрэлийн системийн гэмтэл байгаа эсэхийг тогтооно.
2) Шээсний өнгийг шалгаж бөөрний үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг мэднэ. Халууны тархины харвалтын үед шээсний өнгө бараан болдог.
3) Булчингийн үйл ажиллагааг шалгаж булчингийн эдүүдийн гэмтэл байгаа эсэхийг үзнэ.
4) Рентгенд харж дотор эрхтний гэмтэл байгааг тогтооно.
ЭМЧИЛГЭЭ
Хамгийн түрүүнд сэрүүн газарт байрлуулж биеийн дулааны хэмийг хэвийн байдалд оруулснаар тархи болон бусад эрхтэн ситемийн гэмтлээс хамгаалах болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэт халсан хүнд дараах зүйлүүдийг хийхийг зөвлөж байна.
1) Биеийн дулааны хэмийг түргэн бууруулахын тулд мөстэй буюу хүйтэн усанд оруулж болно.
2) Ууршуулан хөргөх техник.
Гар, хөл бүтэн биеийг хүйтэн усанд норгосон орны даавуу болон том нимгэн даавуугаар ороох юмуу бүтээгээд сэнсээр улээлгэх ба хатсан үед дахин хүйтэн усаар шүршиж норгон, сэнсээр үлээлгэн арьсыг сэрүүцүүлнэ.
3) Тусгай зориулалтын мөсөн хөргөгч бүтээлэг, бэгнүүрүүдийг хэрэглэн толгой, хүзүү, гар, хөл дээрээ жин тавьж биеийн хэмийг бууруулах
4) Шингэн хангалттай уух. Хэт хүйтэн зүйл ууснаар ходоодны булчин гэнэт агшиж болох тул болгоомжтой байх хэрэгтэй.
ХЭТ ХАЛАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
1) Хөнгөн, сэрүүн хувцаслах
2) Нарны шил зүүж, биеэ наранд түлэгдэхээс сэргийлж нарны гэрлээс хамгаалах тос түрхэх, шүхэр барих
3) Хангалттай шингэн ууж байх
4) Зарим эмийг хэт халуунд хязгаарлан эмчийн заавраар хэрэглэх
5) Машин дотор хэн нэгнийг удаан үлдээж болохгүй. Машин наранд 10 минут болоход доторх халуун гадааныхаас даруй 20 F буюу 6,7 цельсийн хэмээр нэмэгдэн халдаг байна. Гадаа машинаа тавихдаа цоожилсон эсэхээ шалгаж хүүхэд орж түгжигдэхээс хамгаалах хэрэгтэй.
6) Эрүүл мэндийн ямар нэг асуудалтай бол хэт халуунд эмчээс зөвөлгөө авч нэмэлтээр эм хэрэглэх
7) Хэт халуунд гадаа ажиллахгүй байх. Шаардлагатай бол өглөө эрт, орой оройтож ажиллаж болно шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )