Цусны даралт ихсэх өвчний үед үүсэж болох 7 төрлийн хүндрэл

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 16

Цусны даралт ихсэлт нь шинж тэмдэг илрэхгүй чимээгүйхэн олон жил явсаар таны биеийг хүнд гэмтээдэг ба түүнийг чимээгүй алуурчин ч хэмээн бас нэрлэдэг. Даралт ихсэлтийг хяналтгүй орхисноор, та хөгжлийн бэрхшээлтэй хэцүү амьдралтай, тэр байтугай аюултай зүрхний шигдээс, тархины цус харвалтаар амь насаа ч хүртэл алдаж болно. Гэвч аз тохиоход, эмчилгээ хийлгэж, амьдралын хэв маягаа өөрчлөн, амь насанд аюултай хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулснаар та цусны даралтаа хянаж байх боломжтой юм. Гэхдээ даралт ихсэлт хяналтаас гарсан үед ямар хүндрэлүүд гарч болохыг танд тайлбарлъя.

1) ТАНЫ АРТЕРИЙН СУДАС ӨВЧИЛНӨ.

Эрүүл артерийн судасны хана уян хатан, бат бөх бас хүчтэй байдаг. Артерийн судасны ханаар жирийн үед цус чөлөөтэй урсаж амин чухал эд, эрхтнүүд рүү хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисуудыг хангалттай хэмжээгээр зөөвөрлөн хүргэдэг. Таны цусны даралт ихсэх үед таны артерийн судасны дотор ханын даралт ихсэж, аажмаар янз бүрийн бэрхшээлүүд үүснэ. Үүнд:

-Артерийн ханын гэмтэл болон нарийсалт болно

Цусны даралт өндөр байх нь таны артерийн дотор ханы доторлогооны эсийг гэмтээнэ. Үүний дүнд артерийн судасны хана нь зузааран хатуурч, уян хатан чанараа алдаж, хөшүүн болж эхэлдэг. Таны хоол хүнсээр орсон өөх тос таны цусанд орж гэмтсэн энэ эсүүдээр дайран өнгөрөхдөө тэнд зарим нь хуримтлагдан овоорсноор артерийн хоолой нарийсдаг. Ингэснээр артерийн дотор чөлөөтэй эргэлдэх цусны урсгал хязгаартай болж эхэлнэ. Эдгээр өөрчлөлтүүд нь таны зүрх, бөөр, тархи, гар, хөлийн гэх мэт таны бүх л бие даяарх артерийн цусны урсгалын чөлөөтэй урсгалд нөлөөлнө. Энэ нь маш олон шинжээр жишээ нь цээжний өвдөлт (ангина), зүрхний шигдээс, зүрхний дутагдал, бөөрний дутагдал, тархины цус харвалт, таны хөл болон гарын хаагдсан артерийн (захын судасны өвчин), нүдний гэмтэл аневризм зэрэг шинжээр илэрч хүндрэнэ.

Аневризм

Даралт ихэссэнээс хойш тодорхой цаг хугацааны дараа артерийн судасны дотоод даралт ихэссэнээс болж зарим газартаа артерийн хана нимгэрэн томорч сулран, эргэн хэвийн байдалд орж чадахгүй болж, уян хатан чанараа алдан товойж цүлхийдэг. Энэ нимгэрсэн товгор хэсгийг аневризм буюу цүлхэн гэж нэрлэдэг. Энэ товгор хэсэг нь артерийн судасны даралт дахин ихсэхэд хэт нимгэн учраас амархан бүлтэрч, цоорч болзошгүй амь насанд аюултай цус алдалтыг үүсгэх эрсдэлийг үүсгэдэг. Aневризм нь таны биеийн аль ч артерийн судсанд үүсэх боломжтой бөгөөд гэхдээ тэдгээр нь таны биеийн хамгийн том артерийн судас болох гол судас буюу аортын судсанд хамгийн түгээмэл үүсдэг.

2) ЗҮРХНИЙ ӨВЧЛӨЛ ҮҮСНЭ

Зүрх бол таны биеийн бүх цусыг шахаж байдаг эрхтэн. Цусны даралт ихэссэний улмаас таны зүрх хамгийн түрүүнд гэмтэнэ. Үүнд:

Титэм судасны өвчин

Цусны даралт ихэссэнээр зүрхний цусан хангамжийг нийлүүлэгч титэм судас хэмээн нэрлэгдэх артерийн судасны хана зузаарснаас , артерийн хоолой нарийсч, цус чөлөөтэй урсах боломж хязгаарлагддаг. Ингэж зүрхийг цусаар чөлөөтэй хангаж чадаагүйгээс болж цээжний өвдөлт үүсч, зүрхний шигдээс мөн зүрхний хэм алдагдах нөхцөл үүсдэг.

Зүрхний зүүн тал томрох

Цусны судасны дотоод даралт өндөршсөнөөр таны зүрхний булчин биеийн бусад хэсэгт цусыг шахахын тулд илүү хүчтэй ажиллах шаардлагатай болдог. Үүнээс шалтгаалж зүрхний зүүн тал зузаарч, илүү хөшүүн болдог. (зүүн ховдлын гипертрофи). Эдгээр өөрчлөлтүүд нь таны биед цусыг түгээгч зүүн ховдлын ажиллах чадварыг хязгаарладаг. Энэ нөхцөл нь зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрхний гэнэтийн үхлийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

Зүрхний дутагдал

Цаг хугацаа өнгөрөх тусам, цусны даралт ихэссэнээс болж зүрхний булчин илүү их хүч гаргаж ажиллаж байгаагийн улмаас ядарч сульдан хангалттай ажиллах боломж нь хомсдож эхэлдэг. Ингэснээр зүрхний шигдээс болох нөхцлийг бас бүрдүүлнэ.


3) ТАРХИЙГ ӨВЧЛҮҮЛНЭ

Яг л зүрх шиг, харин таны тархи зөв ажиллаж , амьдрах нь тархины тэжээлийн цусан хангамж ямар байгаагаас хамаарна. Цусны даралт ихсэлт нь тархинд хэд хэдэн аюултай нөхцөл байдлыг үүсгэж болно. Үүнд:

Түр зуурын ишеми буюу тархины сөнөрөЛ

(ТИА). Таны тархины цусан хангамжинд түр зуурын саад учруулах юм. Энэ нь ихэвчлэн атеросклероз буюу цус нөжирсний улмаас үүдэлтэй байдаг. Аль аль нь цусны даралт ихсэлтээс шалтгаалж үүснэ. Энэ түр зуурын ишемийн халдлага нь танд цус харвалтын эрсдэл өндөр байгааг анхааруулж буй хэрэг юм.

Тархины цус харвалт

Таны тархины хэсэгт даралт өндөршсөнөөс судас хагарч, харвалт үүссэнээс тархины эд, эсэд хүчилтөрөгч болон шим тэжээл очиж чадахгүйд хүрч тархины эс үхэх шалтгаан болдог. Хяналтгүй цусны даралт ихдэлт нь тархины судасны сулрал, хүчгүйдэлд хүргэж нарийсал, саатал, хагаралын шалтгаан болдог. Цусны даралт өндөр байх нь тархины артерийн судасны цусны урсгалд саад болох нөжрөл, бүлэгнэлийг үүсгэж тархинд цус харвах бас нэгэн шалтгаан нь болдог.

Оюун ухаан тэнэгрэх шинж (деменц)

Оюун ухааны тэнэгрэл нь сэтгэн бодох, ярих, учир шалтгааныг олох , санах ой, хараа, хөдөлгөөний өөрчлөлтийн дүнд үүсдэг тархины өвчин юм. Энэ өвчний үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Нэг шалтгаан нь судасны гаралтай оюун ухаан тэнэгрэх шинж бөгөөд тархины артерийн судасны нарийсал болон бөглөрөлөөс болж үүснэ. Мөн тархины цусны урсгалд тасалдал үүссэнээс болсон цус харвалтаас бас үүсэж байгаа юм. Эдгээрийн аль ч тохиолдолд цусны даралт ихдэлт гол шалтгаан нь байдаг.

Танин мэдэхүйн бууралт

Альцгеймер өвчний улмаас юм ойлгох, санах мэдрэмж аажмаар буурдаг. Энэ сэтгэцийн өвчин үүсэх шалтгааны нэгд цусны даралт өндөр байсны улмаас тархины артерийн судас гэмтэж, цусан хангамж суларч, хаагдсанаас үүсэж байж болох юм гэж үздэг.


4) БӨӨР ӨВЧИЛНӨ

Таны бөөр цуснаас илүүдэл шингэнийг шүүж, хаягдлыг гадагшлуулах үүрэгтэй. Цусны даралт тогтмол өндөр байх нь бөөрний судсыг гэмтээж, бөөрний хүнд хэлбэрийн өвчлөлийн (нефропати) шалтгаан болдог. Мөн чихрийн шижинтэй байх нь цусны даралтыг ихэсгэж, бөөр өвчлөх бас нэг шалтгаан болно.


Бөөрний дутагдал

Цусны даралт өндөр байх нь бөөрний дутагдал үүсэх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Энэ нь таны бөөрний том артери болон бөөрөн доторх жижиг цусны судас (гломерул), аль аль нь гэмтсэнээс болж байгаа юм. Эдгээр гэмтлийн дүнд таны бөөр цуснаас гарах илүүдэл шингэн болон хорт бодисуудыг шүүж чадахгүйд хүрнэ. Үүний үр дүнд цусанд шингэн, хог хаягдлууд аюултай түвшинд хүртэл хуримтллагдах болдог. Эцэст нь цусыг диализ буюу шүүүж цэвэрлэх эсвэл бөөр шилжүүлэн суулгахад хүргэнэ.

Бөөрний соривжилт.(Гломерулосклероз)

Энэ нь бөөрний гэмтлүүдийн нэг хэлбэр юм. Бөөрний жижиг судсууд гэмтсэний улмаас бөөрний шүүн цэвэрлэх ажиллагаа алдагдаж, бөөрний дутагдалд хүргэнэ.

Бөөрний артерийн судасны аневризм

Цусны даралт өндөр байснаас болж бөөрний артерийн судасны хана сульдаж ядран, уян хатан чанараа алдаж, сунаж нимгэрэн цүлхийж, товойж үлддэг. Энэ товгорыг бөөрний артерийн судасны аневризм гэж нэрлэдэг. Энэ аневризм хагарснаас болж амь насанд аюултай цус алдалт үүсэх эрсдэл үүсгэдэг.


5) НҮДИЙГ ГЭМТЭЭЖ ӨВЧЛҮҮЛНЭ

Нүдний бяцхан нарийхан судаснууд таны нүдэнд цус нийлүүлж байдаг. Бяцхан хэдий боловч эдгээр судаснууд цусны даралт өндөр болох үед адилхан гэмтдэг. Үүнд:

Нүдний цусны судасны гэмтэл (ретинопати)

Цусны даралт өндөрших нь нүдний торлогт цус нийлүүлдэг судсыг гэмтээдэг. Үүнийг ретинопати гэж нэрлэдэг. Энэ үед нүдэнд цус харваж, хараа бүдгэрэн бүр мөсөн хараагүй ч болж болно.Хэрэв чихрийн шижинтэй, даралт өндөр байх юм бол та тэр ч байтугай их эрсдэлтэй байна гэсэн Үг.

Торлог (choroidopathy) -ийн дагуу шингэн хуримтлагдах

Энэ нөхцөл байдал нь нүдний торлог бүрхэвч дор байрлах цусны судаснаас шингэн гоожиж хуримтлагдахыг хэлж буй юм. Үүнээс болж холын хараа муудах буюу зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

Нүдний мэдрэлийн гэмтэл (оптик нейропати)

Нүдний мэдрэлд очих цусны урсгал саатсанаас болж үүснэ. Үүнээс болж нүдний мэдрэлийн эс үхэж, сохрох хүртэл аюултай байдал үүсдэг.


6) БЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨӨРЧЛӨЛТ БОЛНО.

Эрчүүд 50 нас хүрээд хэрэв тогтмол даралт ихэсдэг байсан бол бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдалд (erectile dysfunction) хүрэх эрсдэл өндөр болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам, цусны даралт тогтмол их байснаас цусны судасны дотор хана хатуурч, зузааран хөшингө болж, цусны урсгалыг хязгаарлахад хүргэдэг. Энэ нь цусны хязгаарлалт таны бэлэг эрхтэнг хамрах боломжтой гэсэн үг юм. Ихэвчлэн бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдал гэж нэрлэдэг хэдий боловч энэ үед ихэвчлэн цусны даралт ихсэлтийг биш дээрх алдагдлыг эмчлэх нь түгээмэл байдаг.

Мөн эмэгтэйчүүдэд бэлгийн дур хүслийн бууралт нь цусны дарлт ихсэлтийн нөлөө байж болох юм. Даралт өндөр байх нь үтрээнд очих цус дүүрэлтийг бууруулдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ нь бэлгийн дур хүсэл бууралт , үтрээний хуурайшилт зэргээр илэрч болно. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны эдгээр алдагдалуудын улмаас улмаас тэдний хооронд харилцааны үл ойлголцол үүсэх гэмтэй.

7) Даралт ихдэлтээс үүсэх бусад хүндрэлтэй нөхцөл байдлууд

Цусны даралт ихдэлт нь мөн биеийн бусад хэсгүүдэд нөлөөлнө. Үүнд:

Ясны сийрэгжилт.

Цусны даралт өндөр байх нь таны шээсэн дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлнэ. Кальци ингэж гадагшилснаар ясны нягтрал багасч ясны сийрэгжилт үүсгэн, энэ нь эргээд ясыг амархан хугарамхай байдалд хүргэдэг. Энэ эрсдэл, ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдэд илүү тохиолддог.

Унтахад төвөгтэй болох.

Унтаж байхад амьсгалд төвөг учрах ба хурхирдаг болно. Хоолойн булчин суларсанаас амьсгал заримдаа хаагдан (апноэ), чангаар хурхирах явдал нь байнга өндөр даралттай байдаг хүмүүсийн бараг талаас илүү хувьд тохиолддог. Мөн унтах үед апноэ болсноос таны цусны даралтыг улам нэмэгдүүлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top