Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо хамтран Чингэлтэй дүүргийн 3 хороонд өнөөдөр сайн үйлсийн аян зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд тус дүүргийн 13, 14, 15 дугаар хороог дамнасан даланг цэвэрлэх, иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэрэг ажлыг өрнүүлж байгаа юм. Аяны нээлтэд АШУҮИС, АУС, Дотрын 1 дүгээр тэнхимийн уушгины профессорын багийн ахлах багш М.Оюунчимэг, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн, 13 дугаар хорооны ахлах эмч н.Нина болон холбооны гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
АШУҮИС, АУС, Дотрын 1 дүгээр тэнхимийн уушгины профессорын багийн ахлах багш М.Оюунчимэг “Японы анагаахын сургуулийн оюутан 1970-аад оны сүүлчээр анх Азийн анагаахын оюутны холбоог байгуулсан байдаг. Энэ холбоо 2009 онд Монголд байгуулагдсан. Байгуулагдсан цагааасаа хойш AMSA оюутны холбоо нь маш олон ажлыг зохион байгуулж байна. Ерөнхийдөө нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжилд нэг талаас эмч нөгөө талаас иргэдийн дунд гүүр болон ажилладаг байгууллага юм. Бид ирэх есдүгээр сард Монголын Анагаахын оюутнуудын анхдугаар чуулган зохион байгуулахаар зэхэж байна. Энэхүү анхдугаар чуулганаа угтан сайн үйлсийн аяныг зохион байгуулах санаачлагыг гаргаад НЗДТГ-т хандсан. Тамгын газрын захиргаанаас үйл ажиллагааг маань дэмсэний үндсэнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 3 хороонд зохион байгуулахаар болсон. Бид өнөөдрийг хүртэл 7 удаа сайн санааны аян явуулсан байна. Энэ үеэр эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, бага насны хүүхдийн цагаан хорхойн илрүүлэлт, цус багадалт илрүүлэх зэрэг эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Тухайлбал, нарийн мэргэжлийн үзлэгээр нүдний мэргэжлийн эмч н.Заяат маань нүдний даралтын нэлээд хүндэрсэн шатандаа орсон, болорын цайлттай хариугүй хараа нь эндэх аюулд өртөхөд хүрсэн иргэдийг оношилж урьдчилан сэргийлж байлаа” гэв.
Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбооны тэргүүн Э.Дөлгөөн “Өнөөдрийн сайн үйлсийн ажлын хүрээнд “Илүү нь дутуугаа нөхье” аян эрүүл мэндийн үзлэгтэй цуг явагдаж байна. “Илүү нь дутуугаа нөхье” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Өмнө нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд зохион байгуулсан. Аяны хүрээнд хог цэвэрлэсэн хүмүүст бид купон олгодог. Иргэд цуглуулсан купоноороо бидний бэлтгэсэн хувцас, ном зэрэг эдэлж хэрэглэх зүйлийг авах боломжтой. Бид өнөөдөр 13-15 дугаар хороог дамнасан далангийн хогийг цэвэрлэнэ” хэмээлээ.
Уг аянд Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 3 бүлгийн 50 гаруй сурагч нэгдэхээр иржээ. Тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Даваажаргал “Илүү нь дутуугаа нөхье” аянд манай сургуулийн 11а, 11б, 11в ангийнхан нэгдэж, өөрсдийнхөө өмсч, зүүдэггүй эд хэрэгсэл, багадсан, томдсон хувцас, уншиж дууссан ном, сурах бичгийг хандивлаж байна. Бид энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэндээ баяртай байгаа. Энэ холбооны ах, эгч нартаа ажлын амжилт хүсье” гэлээ.
0-5 насныхны цус багадалт, цагаан хорхойн халварыг илрүүлэх, цусанд сахар үзэх, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн хөндийн эрхтэний хэт авиан бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, мазок, наалдац, эсийн шинжилгээг хийхээс гадна нүдний нарийн мэргэжлийн үзлэг зэрэг олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг дээрх 3 хорооны иргэдийг харьяалал харгалзахгүйгээр үзэж байна. Уг арга хэмжээ 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо 2009 онд байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 40 гаруй гишүүнтэйгээр өөрийн орны болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Холбооны гол зорилго Монголын анагаахын оюутнуудаас гишүүнчлэл элсүүлэн, тэдний мэдлэг, чадвар, нийгмийн оролцоог дээшлүүлэн, улмаар Азийн анагаахын оюутнуудын хүсэл зоригийг нэгтгэн, ирээдүйн эмч нарын холбоог батжуулахад оршиж буй аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )