Монголд анхны 0,5-3,5 килограмм жинтэй, 28 хүртэлх хоногтой нярайн мэс заслын өрөө бий боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

JCI Монгол байгууллага, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй хамтран хэрэгжүүлдэг “Save life” хоёрдугаар үе шатны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төсөл нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд нэгдүгээр шатыг ЭХЭМҮТ болон “Итгэл Хавдаргүй Монголын Сан”-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан байна. Үүний хүрээнд ЭХЭМҮТ-д мэс заслын эмч нарын багийг орон нутагт ажиллах зориулалтын тээврийн хэрэгсэл, 1989 оноос хойш засвар хийгдээгүй байсан ”Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний тасаг”-ийг богино хугацаанд ОУ-ын стандартад нийцүүлэн, иж бүрэн засвар хийж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглон тус тус хүлээлгэн өгсөн байна. Үүний дүнд 2016 онд Монгол Улсын түүхэнд анх удаа дутуу төрсөн нярайн эндэгдлийг 19,1 хувиас 5,6 хувь хүртэл буурчээ.

JCI Монгол байгууллагын 2017 оны тэргүүн дэд ерөнхийлөгч Батбаяр “Өнөөдөр төслийн хоёрдугаар үе шат нээлтээ хийж байна. JCI Монгол байгууллага ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар Монголд анхны 0,5-3,5 килограмм жинтэй, 28 хүртэлх хоногтой нярайн мэс заслын орчинг бий болгосон. Үүнд, өрөөний тохижилтыг стандартын дагуу хийж, шаардлагатай 10 төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон. Энэхүү ажил нь бага жинтэй нярайн хагалгааны үеийн болон хагалгааны дараа гарах аливаа эрсдэлийг бодитой бууруулж чадах юм” хэмээлээ.

Тоног төхөөрөмжийн төсөв нийт 180 сая төгрөг болсон байна. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлсэн байгууллагуудад эмнэлгийн хамт олон баярласан, талархсанаа илэрхийлж байлаа.

ЭХЭМҮТ-ийн Мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч М.Ариунтунгалаг 

“Өнөөдөр их сайхан өдөр болж байна. Учир нь Монгол Улсад байдаг цорын ганц хүүхдийн эмнэлэг маань “мэс заслын эмгэгтэй нярайн” хүүхдүүдэд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжтэй өрөөг хүлээлгэн өглөө. Эрүүл Монгол хүүхдийн төлөө эмнэлгийн болон эмнэлгийн бус байгууллагууд сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаад таатай байна. Хэдийгээр нярай хүүхдүүд баярлалаа гэдгээ хэлж чадахгүй ч эмнэлгийн ажилчид бид өмнөөс нь талархал илэрхийлье. Нярайн мэс заслын эмгэгийг оношилсон даруйдаа мэс заслыг хийх шаардлага гардаг. Учир нь нярай хүүхэд нь онцлог байдаг. Тухайлбал, ямар нэгэн эмгэгтэй нярайд маш хурдан эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Хэрэв тэгэхгүй бол амь насанд нь аюул учирдаг. Жилд 200-400 орчим нярайн мэс заслын ажилбар хийгддэг.  Өнөөдөр бэлэглэж байгаа тоног төхөөрөмж нь зөвхөн нярайд зориулсан гэдгээрээ онцлог юм. Нярай хүүхэд дулаанаа алдах тохиолдол их байдаг. Тиймээс дулаан хадгалах ширээ, багаж хэрэгслийг дулаан хадгалах шүүгээ, зориулалтын тээврийн инкубатор гэх мэт тоног төхөөрөмжүүдийг хандивласан ивээн тэтгэгч байгууллуудад талархлаа” гэлээ.

Тус төслийг  “Худалдаа хөгжлийн банк”, “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Монгол Даатгал” ХХК, “Скайтел” ХХК, “МОТТОО” ХХК, “TAVAN NUDEN” брэнд, “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК, “JCI Монгол Байгууллагын 2017 оны удирдлагын баг”, “JCI Chairman”, “JCI Leader”, “JCI Eco”, “JCI Impact” гэх мэт байгууллагууд ивээн тэтгэсэн байна. Цаашдаа нийгэмд тустай олон үйл ажиллагаа зохион байгуулах аж. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top