“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн өдөрлөг Баянзүрх дүүрэгт боллоо

2017 оны 06 сарын 19

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах үйл ажиллагааны өдөрлөг өнөөдөр Баянзүрх дүүрэгт боллоо.

 Өдөрлөгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Энэхүү өдөрлөгийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, АШУҮИС-ийн харьяа “Эрхэс” клиник, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, иргэдэд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн талаарх мэдээлэл, сурталчилгааг хүргэсэн юм.

 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай. Тиймээс ард иргэдэд чухал хэрэгцээтэй мэдээлэл зөвлөмжийг өгч, илрүүлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалсан эрүүл мэндийн салбарын удирдлагууд өдөрлөгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо.

 

                Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, урлагийн тоглолтоор үргэлжилсэн энэхүү өдөрлөгийн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарт ЭМЯ-ны шагнал урамшууллыг гардуулсан юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд цусны шинжилгээнд шаардагдах центрифуг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус дүүргийн эрүүл мэндийн төвд өвчтөний ор таван ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top