Хачиг хэнийг ч хайрлахгүй, бас хэнд ч “хайр” зарлана

2017 оны 06 сарын 21

Зургийн тайлбарт: Хачигт энцефалитын халдвар дамжуулагч ойн хачиг

 

 

Харин түүнд хазуулаад эрсдэлд орсон та хэн ч бай хачигтай “заргалдах” ямарч боломжгүй. Тийм бололцоо  100 бүү хэл бүр 1000 хувиар байхгүй. 

Энэ хачиг гайхал эв нь таарвал Эрүүл мэндийн сайдыг ч хазаж мэдэх юм. Хачигт халдвар гэх нэн шинэвтэр өвчин хүмүүсийн заримыг нь түгшээх болсон. Заримыг нь гэхийн учир нийтээрээ түүнийг тоож байгаа юм алга. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн л сүүлийн хэдэн жил сэрэмжлүүлээд байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн ч хэрхэн сэргийлэх талаар нийтэд хандсан зөвлөгөө өгсөн нь цөөнгүй. Харин манай монголчуудын хэнэггүй зан, зөнгөр хэвшил хачгийг  хаздаг шавьж гэдгийг нь мартчихаад байна уу. Тэгвэл тэнгэрийн салхиар тэнүүчлэн хэний ч толгой дээр буучихдаг тэр гайхалд хазуулсны улмаас өвчлөн талийгаач болж байна.  Монголд урьд нь  ийм тохиодол нэн ховор байсан. Тийм болохоор тэмээний хүзүүнд шигдсэн хувалз шиг том болтол нь толгойдоо хачиг тээсэн эмэгтэй хүүхэд хөдөө энд тэнд хааяа байв. Тэр үе аль хэдийнэ  он жилийн тоосонд дарагдан үлдсэн. Олон оны тэртээх шалз, хачиг одоо цагийн зонзын өвчин тээгч хачиг хоёрын хооронд ялгаа бас байгаа биз. Хачигт энцефалитын вирус гэж нэг аюул байна.Энэ зуны тухайд “Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн  хачигт хазуулсны улмаас нас барсан билээ. Тэгвэл дахин нэг иргэн хачигт хазуулсны улмаас хорвоог орхижээ. Тодруулбал, Орхон аймгийн харъяат иргэн Т хачигт хазуулсны улмаас нас барсан байна. Талийгаач Т нь хачигт халдварын голомттой газарт хэд хоноод иржээ ” гэсэн мэдээ түгсэн. Говь-Алтайд хачигт хазуулан өвчилсөн амиа алдсан тохиолдол бас мэдээлэгдэж л байсан. Хачгийг манайхан зөвхөн говь,тал хээрийн бүс нутагт элбэг байдаг гэсэн түгээмэл ойлголттой. Тэгвэл манай орны тухайд халдварыг үндсэн дамжуулагч нь ойн хачиг юм байна. Олон улсын нэршлийг нь Ixodes persulcatus гэх аж. Халдвар дамжуулагч олон зүйлийн хачиг байдаг ч Монголын орчин нөхцөлд халдвар түгээгчээрээ давамгайлдаг нь энэхүү ойн гэсэн тодотголтой хачиг гэнэ. Хачиг зун зургаа, долдугаар сард ичээнээсээ гарч, салхиар туугдан хүний үс, мал амьтны үс ноосонд буун биед нь шигддэг байна. Энд нэрлэсэн хачигт энцефалит гэх дамшиг нь хачгаар зөөвөрлөгдөн түгж, гол төлөв төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг хурц халдварт өвчин гэсэн. Мэргэжлийнхний хэлээр эзэн амьтад гэж хачигт байна аа. Тэд нь буга, туулай, ямаа, үхэр, хонь, нохой ... гэх мэт 250 гаруй хөхтөн амьтан, 100 орчим төрлийн шувуу юм гэнэ. Бас тэднийг халдварын эх уурхай ч гэж нэрлэдэг аж. Хачирхалтай нь тэд нянгийн халдвар авдагч өөрсдөө өвчлөхгүй халдварын эх уурхай болдог байна. Амьтанд тийм зохилдлогоо байж аврагдаж байхад хүнд урьдчилж сэргийлэн хамгаалах бололцоо бий. Харин түүнээ ашиглан хэдийд хаана яваагаа сайтар тооцож ,мэргэжлийн байгууллага болон эмчийн зөвлөгөөний дагуу сэргийлж  чадаагүйгээс өөрөө эрсдэлд орж байгаа.

Өвчлөгсдийн хачигт хазуулсан гол шалтгааныг  ямар нөхцөлд хэдэн хувь нь өртөж вэ гэдгийг судалж гаргасан байна. Түүнийг жагсаавал:  эмийн ургамал түүх (18.9%), хайгуул хийх (18.9%), алт олборлох (16.5%), амрах зугаалах (13.2%), мал хариулах (9.9%), түлээ банз бэлтгэх (9.9%)   зэрэг ажлын үедээ ийм хувиудаар өртсөн байв.Мөн түүнчлэн  хачигт энцефалитын улиралчлал нь тавдугаар сард 13.2%, зургадугаар сард 59.4%, долдугаар сард 26.4% гэсэн үзүүлэлттэй байжээ. Урирал цаг үеийн байдлаасаа хамааран ихэвчлэн халиар, эмийн ургамал түүгчид, жимсэнд хамт яваа “Жигмид ,Тогмид”-ууд, мод бэлтгэгчид, бугын эврийн олзчид, мөн аялагчид өртдөг , өртөх магадлал өндөр гэж тэдэнд мэргэжлийхэн сануулж байна билээ. Дээрх өвчнөөр өвчлөгсдийн 80 хувь нь уг вирусээр халдварлагдсан хачигт хазуулан тэр нь цусаар нь дамжин өвчилсөн байна. Ийм халдвар, энэ өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар “ Хачигт хазуулахгүйн тулд тод өнгийн хувцас өмсөөд гар хөлөө ил гаргахгүй байх, аль болох битүү хувцас, түрүүтэй гутал өмсөх нь зөв. Хачиртай бүс газарт ажиллаж байгаа бол нэг нэгнийхээ биеийн ил хэсэг болон хувцсыг 3-4 цаг тутамд шалган хачиг байвал авч хаях. Ялаа үргээдэг шиг хачгийг үргээх боломжтой үргээгч сэдэж хийн хэрэглэх.Хэрэв хачигт хазуулчих аваас хачигны амыг / хошууг / арьсанд үлдэхээргүйгээр нэн яаралтай салгаж ав. Ойгоос буцаж ирэхдээ гэртээ орохын өмнө хувцсаа сэгсрэн биедээ үзлэг хийж хачиг буусан эсэхийг нягтална. Мөн хачигт энцефалитын эсрэг вакцин өвөрмөц иммуноглобулиныг тариулах нь үр дүнтэй” гэж эмч мэргэжилтэн нөхөд зөвлөх юм билээ. Энэ талаар эрүүл мэндийн салбарынхны өрнүүлж буй ажлыг дэмжин та бид өөрсдийнхөө төлөө сэрэмжлүүлэг, зөвлөгөөг нь хүлээн авч хэрэгжүүлэх нь нэн чухал. Тод өнгийн хувцас өмсөх нь хачиг буусан эсэхийг харах эхний боломж байна. Тод өнгө гэснээс тод аюул бол хачигт халдвар байна. Гэхдээ хачиг хэнийг хазах нь бас бүдэг бүрхэг. Тиймээс хачиг хэнийг ч хайрлахгүй, бас хэнд “хайр “ зарлан хазаж “шимж” мэднэ. Харин түүнд хазуулаад эрсдэлд орсон та хэн ч бай хачигтай “заргалдах” ямарч боломжгүй. Тийм бололцоо  100 бүү хэл бүр 1000 хувиар байхгүй. Биднийг битүүхэн заналхийлж байгаа хачигт халдвараар өвчилсөн хүмүүс хэцүү,  тэр дундаа талийгаач бологсдод эмгэнэл илэрхийлье.

Харин хэт хайхрамжгүйгээсээ хачигт хазуулчихгүйн төлөө анхаарч, анзаарч явах цаг үе энэ тул сэрэмжид тань хоромж байхгүй шүү.

Одоо л олон түмэн ойгоос цэвэр агаар залгилахаар аялдаг зун цаг. Энэ цаг дор энцефалитын вирус дамжуулагч ойн хачиг буй гэдгийг ой тойндоо тодоос тод багтаан санаж, сэрэмжтэйхэн алхаарай даа, уншигч анд минь !


 

Нийтлэлд хамаатай нэгэн зөвлөгөө 

Өвчний шинж тэмдгийг ингэж таниарай гэж эмч зөвлөж байна.Өвчний эхлэл үед толгой бага зэрэг өвдөж, нойр муудна. Бие суларна. Ид үе буюу мэдрэлийн хямралын үед 39-40 хэм халуурна. Нүүр улайж, нүдний салстын судсууд тэлж, толгой хүчтэй өвдөж, үе мөч, ууц нуруугаар шархирна. Өвчний 2-4 дэх өдрөөс мэнэнгийн шинжүүд тод илэрч, хүзүү, дал мөр, дээд мөчний булчинд сул саажилт үүснэ. Өвчтөн гараа өргөх, нугалах, тэнийлгэх, хөдөлгөөн хийж чадахгүй болно. Хүзүүний булчин сулрах тул толгойгоо эгц тогтоож чадахгүй. Толгой  бөхийн гэлжийж  унжих шинж илэрдэг.. Цөөнгүй тохиолдолд гунших, хахаж цацах, хэлний булчинд хатангирал үүсэх зэрэг уртавтар тархины саагийн шинж илэрнэ. Хачигт энцефалитын  онцлог нь архагших ба үүний илрэл нь  эпилепсийн уналт болон  саажилт улам гүнзгийрэх явдал юм. Мэдрэлийн хүнд халдвар тул өвчтөнийг зөөвөрлөхгүй, хэвтрийн дэглэмд тухайн аймаг, сумын эмнэлэгт хэвтүүлж мэргэжлийн эмч эмчлэх ёстой.


                                                                 Б.Цогзаяабаатар 

                                                                        www. Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянмөнх(109.163.234.8) 2017 оны 06 сарын 22

Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.

0  |  0
Судвэрдэнэ(93.115.95.205) 2017 оны 06 сарын 22

Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.

0  |  0
Эрдэнэбаатар(93.174.93.133) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Эрдэнэбаатар(173.254.216.66) 2017 оны 06 сарын 21

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

0  |  0
Top