Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар /2017.07.19/ АНУ-ын Өмнөд Калифорнийн болон Лос-Анжелес хотын Хүүхдийн эмнэлгийн профессор, Сабанийн эрдэм шинжилгээний институтийн Хүрээлэн буй орчны хүрээлэнгийн захирал Давид Варбуртоныг хүлээн авч уулзлаа. Доктор Давид Варбуртон 2000 оноос эхлэн Монгол улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран агаарын бохирдол дутуу төрөлт, зулбалтад хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг хийж, өгүүллийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлжээ.
Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний төвөөс тэтгэлэг авч, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр монгол эрдэмтдийн агаарын бохирдлын судалгааг хийж, уг төслийн хүрээнд нийт 20 магистр, докторантын жилийн сургалтын төлбөрийг төслөөс санхүүжүүлжээ.
Доктор Давид Варбуртон нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран 2017 оны 7 дугаар 5-ны өдөр “Эх, ургийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөлөл” олон улсын хурал зохион байгуулж, хөдөө орон, нутагт ажиллажээ.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг уулзалтын үеэр хэлэхдээ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч, тодорхой үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлж байгаа талаар дурьдаад, агаарын бохирдлыг бууруулахад хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажил нь хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Доктор Давид Варбуртон нь агаарын бохирдлыг бууруулах нь олон жилийн уйгагүй үйл ажиллагаа бөгөөд цаг хугацаа, олон талт хамтын ажиллагаа шаардах явц гэдгийг дурьдаад Эрүүл мэндийн яам бусад салбартай нягт хамтран ажиллаж байж агаарын бохирдлоос болж үүсэх өвчлөлийг бууруулна гэдгийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүний нөөцийг бэхжүүлэх, нярай, хүүхдийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах тал дээр санал солилцоход хүүхэд судлал, нийгмийн эрүүл мэнд чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг сургах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )